Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Нийтлэл
Viewing all 51 articles
Browse latest View live

Н.ОНОНД ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОХ УУ?

$
0
0

Onon ah“Х ТҮЦ” хамтлагийн “ерөнхийлөгч”, ерөнхий продюссер Н.Онон хамтлагийнхаа маркетинг, менежментийг хариуцдаг хамгийн бизнес сэтгэлгээ сайтай нь. Хамгийн анх “Инээдмийн ТҮЦ” хошин урлагийн продакшн байгуулах санааг МУГЖ И.Одончимэг, МУГЖ Л.Баттулга буюу Аглуутай хамтарч гаргаж, ажлаа эхэлсэн гэдэг. Мөн “Х ТҮЦ” хамтлагийн тоглолт хамгийн сайн, чанартай байдаг нь УДЭТ-ын Ерөнхий найруулагч байсан Найдандорж тус хамтлагийнхны тоглолтыг найруулж, үнэтэй зөвлөгөө өгч байдагтай холбоотой.
“Х ТҮЦ” хамтлагийн санхүүг атгадаг Н.Онон гурван хүүхэдтэй. Гэргий нь Саранхүү гэж “Голомт” банкинд ажиллаж байсан, Америкт их сургууль төгсөн, эрдмийн зэрэг цол хамгаалсан боловсролтой эмэгтэй бий. Н.Онон гурван хүүхэдтэй, сайн аав, сайн хань. Н.Ононгийн эхнэрийг Америкт сурч байх үеэр жүжигчин И.Одончимэгтэй их холбодог байсан. Харин Н.Онон үүнийг үгүйсгэж “Бид хоёр нэг дор ажилладаг, хамтдаа МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд сурч байгаа. Сургуульдаа ирж очихдоо цуг явдаг болохоор л холбож яриад байдаг. Нэг дор ажиллаж, нэг сургуульд сурч байгаа улс хамт ирж очилгүй яахав, хүмүүсийн хэл амнаас айгаад замын хоёр талаар яваад байлтай нь биш” гэж байсан. Н.Ононгийн эхнэр нь Америкаас эргэж ирснээр энэ яриа намжсан. “Х ТҮЦ” хамтлаг хошин урлагийн тоглолт бэлдэхийн зэрэгцээ “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” жүжиг тавьж, хэд хэдэн кино хийсэн. “Сэргээш 1,2,3” DVD нь хүмүүсийн таашаалд нийцсэн, одоо ч эрэлттэй байдаг. Харин одоо тоглогдож байгаа “Сэрүүн хасын нууц” жүжигт жүжигчин Н.Онон огт тоглоогүй. “Таарах дүр байхгүй байхад, би заавал орж тоглоно гэж зүтгээд байх ёсгүй. Энэ жүжгийн арын албанд маркетингийг нь хариуцан ажиллаж байгаа” ам алдсан гэнэ. 10 гаруй жил оршин тогтнож, Төөтөө, Нарансолонго, “банш” Батаа, Тэмка, Бархүү зэрэг олон сайн жүжигчин бэлдэн гаргаж, олны танил эрэлттэй жүжигчин болгосон чадварлаг “школа”-тай хамтлаг. “Х ТҮЦ” хамтлагаас хоёр МУГЖ төрсөн нь энэ хамтлагийн хйисэн тоглолт, явуулж байгаа үйл ажиллагааг “төр түмэн нүд”-ээрээ тольдсоор байдаг хэрэг биз. “Х ТҮЦ” хамтлагийн шадар гурван цэрэг, тулгын гурван чулуу болдог гурван жүжигчнээс И.Одончимэг, Л.Баттулга хоёр МУГЖ боллоо, одоо Н.Ононд энэ цолыг өгчихвөл… гэж “Х ТҮЦ” продакшны үзэгчид үздэг.
WWW.TOVCHOO.MN  


ДАЛАЙ ЛАМЫГ ХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ?

$
0
0

2014-05-14-Frankfurt-N01Герман, Франкфурт, 2014.5.14 – Франкфурт дахь хоёр дахь өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй ярилцсаныхаа дараа Төвдийн төвийн удирдлагатай уулзлаа. Хэвлэлийн төвд хуран цугласан олонд хандан тэрээр, дэлхий дээрх 7 тэрбум хүний нэг нь болсныхоо хувьд хүний үнэт зүйлийг бэхжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвдийн буддист соёлыг хамгаалах гэсэн 3 үүргийг хүлээж байдгаа эн тэргүүнд тэмдэглэн хэлэв.

Олон түмнийг мэдээллээр хангах үйлст хэвлэлийн оруулах үүрэг хариуцлагыг тэр мөн өндрөөр үнэллээ. Болж байгаа үйл явдлыг үнэрлэхийн тулд тэд нэг талаас заан шиг урт хамартай байж, нөгөө талаас олж мэдсэнээ олон түмэнд хүртээхдээ үнэн хийгээд шударга ёсыг удирдлага болгох хэрэгтэй хэмээн тэрээр хэлэв.
Түүнд тавьсан олон асуултын дунд түүнийг уурладаг эсэхийг асуусан асуулт байлаа. “Мэдээж, би хүн учраас уурладаг. Гэхдээ уур хүрдэг, бас арилдаг. Арилан одоход нь би дотроо хадгалаад байдаггүй” хэмээн тэр хариуллаа.

Хүүхдийн нэвтрүүлгийн сурвалжлагч бяцхан охин Дээрхийн Гэгээнтэн
Далай ламд асуулт тавьж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.14.
Гэрэл зургийг Мануэл Бауэр
Хүүхдийн сувгийн сурвалжлагч, залуу охин Элизабетта Шадт Далай Лам байхын юунд нь дуртай, юунд нь дургүй талаар Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Түүнийг Төвдөд байхад дэндүү их ёслол, албаны ёс журам байдаг байсан ч, амьдралд ойр, энгийн шулуун арга барилыг илүүд үздэг байсан хэмээн тэрээр хариулав. Хэрвээ өөрийгөө туйлын чухал хүн хэмээн бодвол энэ нь түүний болон бусад хүмүүсийн хооронд зайг бий болгож, эцсийн дүнд ганцаардалд оруулах болно хэмээн тэр хэлэв.

2014-05-14-Frankfurt-N02“Хэдийгээр чи залуу, би хөгшин, чи эмэгтэй, би эрэгтэй боловч эцсийн дүндээ бид бүгд адилхан хүмүүс” гэв.

Шүгдэнгийн талаархи маргааныг шийдвэрлэж чадах эсэхийг түүнээс асуухад, тухайн асуудлын түүхийг товч танилцуулаад, энэ уламжлалаас болж хүмүүс муу ёрын сахиусыг шүтэх болоод байгааг тэдэнд ойлгомжтой хэлж өгөх нь түүний хариуцлага хэмээн хариулав. Хүмүүс түүний үгийг сонсох эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал хэмээн тэр давтан хэлэв. Энэ талаар нарийн тодорхой өгүүлсэн, Италийн сэтгүүлч Раймондо Бултринигийн ‘Далай Лам ба Савдгийн Хаан’ номонд хүмүүсийн анхаарлыг хандуулсан бөгөөд уг асуудлын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа хүмүүс унших хэрэгтэй гэлээ.

Ирэх жил түүний 80 насны төрсөн өдрийг Весбаденд тэмдэглэхээр урьж байгаа сураг гараад байгаа талаар асуусан асуултад, өглөө үүрийн 3 цагт босч, орой 6 цагт орондоо ордог амьдралын хэв маягтай буддист ламын хувьд үдэшлэгт гаргах цаг зав байхгүй хэмээн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам хүүхдийн сувгийн сэтгүүлчийн
асуултад хариулж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.14.
Гэрэл зургийг Мануэл Бауэр
Төвдийн төвийн удирдлагатай уулзах үедээ Төвдийн төв нь Төвдийн буддист соёлын тухай мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үүрэг гүйцэтгээд зогсохгүй, сургалтын төвийнхөө хувьд сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөлийн асуудалд анхаарлаа хандуулахыг онцлон тэмдэглэв.

2014-05-14-Frankfurt-N03“Нигүүлсэхүйн сэтгэлийг үүсгэхийн тулд оюун ухааны талаар бид илүү ихийг мэдэх шаардлагатай. Оюун ухааны шинжлэх ухааныг энд хичээлийн нэг сэдэв байгаасай гэж би хүсч байна” хэмээн тэрээр хэллээ.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн жаргалтай амьдралыг цогцлоохын тулд дотоод үнэ цэнийг төлөвшүүлэхийн ач холбогдлын талаар ярихаар 4,800 орчим хүн хуран цугласан Фрапорт цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.

“Аз жаргалыг олох нь бидний амьдралын зорилго байдаг. Бидний амьдрал ямар нэг сайхан зүйлийн төлөв, итгэл найдвар дээр суурилдаг. Итгэл найдвар алдагдахад амьдрал богиносох магадлалтай” хэмээн тэрээр яриагаа эхэллээ.

Оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн тухай мэдэх нь бүх хүний хийж чадах зүйлсийн нэг хэмээн тэр хэлэв. Үүнийг боловсролын нэг бүрэлдэхүүн хэсэг болгох шаардлагатай. Өнөөдөр бид бүгд амин хувиа хичээх үзэлд ямар нэг хэмжээгээр хөтлөгдсөн байгаа үед хувийн тэнэг хонжооноос илүү ухаалаг байх хэрэгтэй болоод байна. Бусдын төлөө сэтгэл гаргах тусам, бид бие биетэйгээ улам ойр байх болно. Бид бүгд найз нөхөд учраас бидэнд чухал ач холбогдолтой зүйл болох нөхөрлөлийн үндэс суурь буюу итгэл бэхжинэ.

2014-05-14-Frankfurt-N05Дээрхийн Гэгээнтэн Далай лам Фрапорт цэнгэлдэх хүрээлэнд
“Нигүүлсэхүй ба ухамсар “сэдвээр яриа хийж байгаа нь.
Герман, Франкфурт. 2014.5.14. Гэрэл зургийг Мануэл Бауэр
“Хэрвээ та нигүүсэхүйн сэтгэлийг хөгжүүлэх аваас таны оюун ухаан тайван, хөнгөн амар байна. Айдас, хардалт нь бидний сэтгэлийг үймүүлэх бөгөөд ийм нөхцөлд хэдий баян чинээлэг байсан ч аз жаргалгүй болно. Бусад хүмүүсийг өөрийн ах дүүс мэт бодох сэтгэл нь сэтгэл оюуныг тайвшруулна. Материаллаг амьдралын хэв маягтаа хөтлөгдөн бид аз жаргалтай байхын тулд эд зүйлст ач холбогдол өгдөг. Одоо бидний хийх шаардлагатай зүйл бол иргэний ёс зүй дээр суурилсан боловсролын тогтолцоонд дотоод үнэ цэнэ, нигүүлсэхүй, хайр энэрлийн тухай ойлголтыг тусгах явдал мөн.”

Дээрхийн Гэгээнтэнд маш олон асуулт тавилаа. Тэдгээрт хариулахдаа, дэлхийн дахинд энх тайвныг тогтоохын тулд сэтгэлийн амар амгаланг буй болгох, зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд яриа хэлцлийг өрнүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Хүүгээ автомашины ослоор алдсан хос уй гашуутайгаа хэрхэн тэмцэх талаар зөвөлгөө хүсэхэд тэрээр,

“Энэ үнэхээр гунигтай. Гүн эмгэнэл илэрхийлье. Гэхдээ энэ нэгэнт болоод өнгөрсөн, ийм явдал сая сая хүнд тохиолддог. Гуньж гутраад суух нь одоо ямар ч тусыг эс үзүүлнэ” хэмээн хариулав.

Фрапорт цэнгэлдэх хүрээлэнд болмон уулзалтын үеэр Дээрхийн
Гэгээнтэн Далай ламд асуулт тавьж байгаа нь. Герман, Франкфурт.
2014.5.14. Гэрэл зургийг Мануэл Бауэр
Зовж шаналж байгаа хүмүүст туслах замаар энэрэнгүйн үйлст оролцохыг зөвлөөд, адилхан уй гашуу амссан хүмүүсийг тайтгаруулах нь өөрсдийн уй гашууг мартах хамгийн үр дүнтэй арга хэмээн хэлэв. Ганц түшиг тулгуур нь болж байсан багшийгаа таалал төгсөхөд хамаг зүйлээ алдсан мэт болж байснаа тэр дурсан хэллээ. Гэхдээ түүний хийх зүйл бол багшийнхаа хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстойгоо ойлгосон гэлээ.

Хойд төрлийн тухай асуултад, энэ насандаа бусдад гэм хор хийлгүй энэрэнгүй амьдарсан амьдрал нь хойд насандаа сайн төрлийг олох баталгаа болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Далай Ламыг юу аз жаргалтай болгодог вэ гэсэн асуултад хэсэгхэн зуур бодолхийлснээ,

“Яг эн мөчид та бүхэнтэй энд хамт байгаадаа аз жаргалтай байна” хэмээн хариулахад танхим талархан алга ташив.
http://dalailama.mn/news/1818-news.html#.U3bmZiVtl4Y.facebook

Х.Мөнхбаатар арслан аварга болгох уу?

$
0
0

Gankhuyag hartsagaАймаг сумынхаа хөгжил, хүчирхэг, эв нэгдлийг бөхөөрөө, бөхчүүдээрээ илэрхийлж бөхчүүдээ дэмжиж ирсэн уламжлалтай ард түмэн бол Монголчууд билээ. Отог аймаг, улс гүрэн үүссэн цагаасаа л хоорондоо наадмаа хийж бөхөө барилдуулж хамгийн хүчтэй чадалтайгаа шалгаруулдаг уламжлалтай байсан бөгөөд хошуу нутагт нь ган, зуд турхан нүүрлэж ядуурсан ч хошууныхаа нэрийг гаргаж барилдах бөхөө хошууны сангаас хоол хүнс, өмсөх зодог шуудгийг нь бэлдэж өгч амжилттай барилдуулан элбэг сайхан амьдарч байгаагаа үзүүлдэг байжээ. Иймд нутгийн ядарсан ардууд бөхчүүдийнхээ гэрт очиж гэдэс цаддаг байснаас үүдээд бөхийн гэр хоолтой гэж хэлц үг хүртэл гарчээ. Мөн Ж.Мөнхбат аваргыг сайн барилдаж байхад Ж.Самбуу гуай, Х.Баянмөнх аваргыг сайн барилдаж байхад Ю.Цэдэнбал, Б.Бат-Эрдэнэ аварга Бямбасүрэн, Х.Мөнхбаатарыг түрүүлж арслан болдог жил С.Баяр дарга гэх мэтчилэн төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байснаас харахад бөхчүүд нь сайн барилдаж аймаг сумынхаа нэрийг дуурсгахад нутгийн савдгууд баясч төрийн тэргүүн сонгогддог гэж ярилцдаг нь ч үнэний хувьтай санагддаг. Манай Хөвсгөл аймаг олон жил гурван аваргаа залгамжилж төрөх аварга цолтноо хүлээж байна. Одоогийн байдлаар ид барилдаж нутаг усаа дуурсгаж яваа олон хүчтэнүүд байгаа ч Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын харцага Ц.Содномдорж хоёр л өндөр дээд цолонд түрүүлж хүрэх магадлалтай барилдаж байгаа бөхчүүд юм. Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж хоёр маань бэлтгэл сургуулилтаа шургуу хийж сэтгэл зүрхээ зориулан барилдаж л байна. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр Үндэсний их баяр наадмын комисс, МҮБХнд нөлөө бүхий хөлийн цэц, засуул, тэргүүлэгч бөхийн зүтгэлтэн байхгүйн гайгаар манай бөхчүүд улсын наадамд олон удаа даваагаа, амжилтаа луйвардуулж байсан нь нууц биш юм. Хилийн цэргийн Хилчин спорт хороо, Хүрэлбаатар захиралтай “Монос” грүпп Ц.Содномдоржийн маань бэлтгэл сургууль, амжилт, ар гэрт нь санаа тавьж байнга тусалж дэмжиж явдагт талархаад баршгүй. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэгчээр ирэх наадмаар цойлон гарч цэнгэлийн манлай болохыг нийт Хөвсгөлчүүд, бөх сонирхогчид хүлээн суугаа нь дамжиггүй. Содномдорж маань ч олны итгэлийг алдалгүй бэлтгэлээ тогтмол хийж, зорилгоо биелүүлэхээр хөдөлмөрлөж байна. Х.Мөнхбаатар арслангийн хувьд Аварга багшийнхаа цолонд хүрч Хөвсгөл аймгаас төрсөн дөрөв дэх аварга болохын төлөө олон жил бэртэл гэмтлээс эхлээд олон саад бэрхшээлийг давж МУ-ын Арслан хэмээх хүндтэй сайхан цол алдрыг хүртээд байгаа өнөө цагийн хамгийн хөдөлмөрч, хамгийн шударга барилддаг бөх билээ.. Улсын арслан Ганбат 36 насандаа, Улсын Арслан Ганхуяг 37 насандаа, Улсын Аварга Эрхэмбаяр 37 насандаа улсын их баяр наадамд түрүүлж байсан бол энэ жил 32 настай Мөнхбаатар арслан маань одоогийн байдлаар ямар ч дэмжлэггүй, авсан цалингүй жил шахуу амьдарч байна. Дээрээс нь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн санаачлагаар улсын наадамд тасралтгүй амжилт гаргасныг нь үнэлж амьдрал бололцоог нь сайжруулж байна гэж СТОрдны тэнд байсан 2 өрөө байрыг нь заруулж урьдчилгааг нь хийгээд Зайсанд 3 өрөө байр лизингээр авч өгсөн ч авсан цалингүй, бэлэгнээс өөр орлогогүй бэлтгэлээс өөр ажилгүй, 5 ам бүлтэй айлын өрхийн тэргүүн арслан маань байрныхаа үлдсэн мөнгийг төлөх, ар гэрээ тэжээх үүргийн дагуу гадаад дотоод явж, бизнес арилжаа хийж бэлтгэл сургуулилтаа төлөвлөгөөний дагуу хийхгүй яваад байгаа юм. Аварга болох, нутаг ус, ард түмнээ баярлуулах зорилгодоо үнэнч яваа арсланд маань миний нүдэн дээр олон удаа их мөнгөний санал ирж унаж өгөхийг хүссэн, ятгасан дарамтууд ирж байсан ч нэг ч удаа бууж өгөлгүй үнэн шударгаар барилдсаар өдий хүрлээ. Хэрэв зарим том цолтонгуудын адил найраанд орж улсын цолтон төрүүлээд явсан бол өдийд ийм байдалтай байхгүй байсан нь хэнд ч ойлгомжтой.. УИХ-н гишүүн Л.Энх-Амгалан ах 2012 оны сонгуулиас өмнө Хөвсгөлчүүдэд, Хөвсгөлийн бөхчүүдэд их тусалж их сайн сайхан үйлс хийж байсны жишээ дурдвал олон. Зөвхөн бөхийн хүрээнд гэхэд л бидний олон бөхчүүдийг дэмжиж, шагнаж, бөхийн дэвжээг маань ивээн тэтгэж Мөнхбаатар арсланг Энержи-ресурс компанийн нэр дээр барилдуулж цалинжуулж дэмжиж байлаа. Сонгуулиас хойш Энх-Амгалан гишүүний, нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа илт суларч Хөвсгөл аймгаас залгамжлан төрөх ирээдүйн бөхчүүдийг бэлддэг ”Хөвсгөлийн Хүчтэн’ ‘бөхийн дэвжээний дасгалжуулагч багш нь цалингүй, ус тогныхоо мөнгийг төлж дийлэхгүй байнгын үйл ажиллагаа тасалдаж, наадмын бэлтгэлийн нийт зардлын талыг нь ч хүчрэхээ байлаа. Бүх зардал чирэгдэл голлон нэг хүний нуруун дээр ачааллаад байхаар хэцүү л байдаг байх даа. Бөхийн төлөө эрүүл мэнд олон жилийн амьдралаа зориулаад дэмжлэг туслалцаа муутайн улмаас боломжит амжилтаа гаргаж чадаагүй над шиг олон бөхчүүд байдаг. Энэ бэрхшээл дүү нарын маань амжилтанд битгий давтагдаасай.Увс, Ховд, Говь-Алтайн нутгийн зөвлөлөөс жишээ аваасай. Ямар менежмент хийж нутгийнхаа бөхчүүдийн амжилтыг сайжруулах вэ? Ямар арга барилаар ажиллавал зөв бэ, нутгийн боломжтой, сэтгэлтэй хүмүүсийг яаж нэгтгэх вэ гэж та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахаар энэхүү постоо бичлээ. Хөвсгөл нутгаас төрөх дөрөв дэх аваргаа өлгийдөн авах бидний хүсэл баяр удахгүй биелэхийн ерөөл тавъя.
Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат МУ-ын Улам Нэмэх, Үнэн Зоригт Харцага Ганзоригийн Ганхуяг

Зохиолчид “Аргагүй амраг”-ийг яасхийж “дуулахсан” бол

$
0
0

Энэ тухай нөхөрсөг шогийг Америкт олон жил амьдарч байгаад ирсэн зохиолч Доржзовдын Энхболд бичжээ. Энэ тухай уншсан зохиолчид бие биенийгээ шоолж, битүүхэн хөл хөөр болж байна. Яруу найрагч Д.Урианхай гуай, СГЗ Г.Аюурзана, Модернист Б.Галсансүх, МЗХ-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг тэргүүтэй хүмүүс ардын дуу “Аргагүй амраг”-ийг ингэж дуулна гэнэ дээ.
Enkhbold Dorjzovd
Модернист Б.Галсансүх:

За нуураа чи хөлдөх гээд байна уу айн
Загас бид хоёрыг яа гээв чи, битгий мөстөгнөөд бай
Г.АЮУРЗАНА:
Нуураа чи хөлдөх гээд байна уу
Нугастай юм гэнэ лээ ш дээ, тэр л хэцүү болно доо
Өө би яахав дээ, гүнд нь шүү дээ
Өнөөх замаг дунд хавар болтол тэснээ
Огтын танихгүй тэр нугас л
Эй бас хөөрхий байна даа.
ДАН.НЯМАА:
Нуураа найзаа битгий хөлдөөч дээ
Нугас чинь миний найз шүү дээ найзаа
Арга ч үгүй найзаа чи хөлдөх гээд байвал
Ай тэр нугасыг өрөвдөөд нулимс асгараад байнаа найзаа.

Д.УРИАНХАЙ
Нуураа чамайг хөлддөг гэх юм үнэн үү
Нугасных нь хөл сарвайгаад тасардаг гэх юм үнэн үү
Хөөрхөн амьтныг хөлдөөчихдөг еэ бас тусгүй байна даа
Эргээд хэзээ хөлтэй болдог юм бэ хэлж өгөөч нуураа чи.
Г.МӨНХЦЭЦЭГ
Нуураа чи хөлдөх гээд байна уу, хөлд хөлд
Мөсийг чинь ч дагуулна, нугасыг чинь ч дагуулна
Дагуулах даа л дагуулна, хөлдөө хөлд
Л.МЯГМАРСҮРЭН
Нуураа чи сонс, дахиад сонс
Чи хөлдөж болохгүй
Нугасаа чи яа гээв
Хөлдчихвөл яах юм
Аргагүй юм аргагүй байдаг
Аргагүй амраг ч аргагүй л байдаг
Бавуугийн ЛХАГВАСҮРЭН
Нуураа чи хөлдөх гээд л байна уу
Мөс рүү чинь чулуу нүүлгэнэ яадгийм
Нугасаа хөөж явуулсныг чинь бодохоос л
Нударга өөрийн эрхгүй зангилагдаад байна.

МҮОНТ-ЭЭС ХАЛАГДСАН Д.ЭНХТУЯАГИЙН ТӨРСӨН АХ ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД ҮГЭЭ ХЭЛЭВ

$
0
0

Enkhbold DorjzovdEnkhtuyaӨдөр тутмын томоохон сонинд өгсөн ярилцлага маань хэвлэж болохгүй гэсэн тодотголтой буцаад ирж.Шалтгаан нь гэртээ бүгээд цэвэр уран бүтээлийн ажил эрхлэж суугаа надтай холбоотой биш бололтой.Хэвлэгдээгүйн гол шалтгаан нь энэ л байсан юм болов уу даа гэж бодоод хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлээд нүүр номдоо оруулчихъя. Хожмын өдөр түүх болох биз.
Сурв: Сая М.Наранбаатар захиралын тушаалаар ажлаасаа халагдсан Д.Энхтуяа захирал таны дүү юм аа даа.
Энх:Тиймээ.
Сурв:Та эмзэглэж байна уу?
Энх: Нэг маань ажилгүй болоод гэртээ суухад яаж сайхан санагдах вэ?
Сурв: Танд энэ талаар яг юү бодогдож байна?
Энх: Яагаад ийм юм болчихдог юм болдоо.Хэл үгээ ололцож болоогүй л юм байхдаа гэж бодогдож байна.Миний муу дүү чинь олон ах нартай өссөн болоод тэгдэг биз харагдах дүр нь л бүсгүй болохоос ааш зан нь ер нь их эршүүд юм шүү дээ.Түс тас л ярьчих гээд байдаг юм.Тэгээд хоёр эршүүд хүн зөв буруугийн дэнсэн дээр гарсан юм болов уу гэж бодож сууна.
Сурв: Та хэнийх нь зөв гэж бодож байна?
Энх:Энийг шүүх шийдэх хэрэг.Гэхдээ өөрөө нэгэнт миний бодлыг сонирхож байгаа хойно би хэлэх үгээ хэлчихэе.Хүн гурван цагийн орчилд амьдардаг.Хүнээс бүрддэг нийгэм ялгаагүй.Нийгмийн нэг эс болсон байгууллага мөн адил.Дурсамжаараа бахархана,өнөөдрөө аргадна,маргаашаа мөрөөднө.Бид эцэг дээсийнхээ гэгээн түүхээр бахархдаг.Тэр түүхийг маань хэн нэгэн харь үндэстэн эзмшие гэвэл бид наад зах нь эгдүүцнэ биз дээ. МҮОНРТ мөн адил.Түүхтэй,өнөөдөртэй,бас ирээдүйтэй. Наранбаатар захирал МҮОНРТ-ийн түүхийг бусдад зарчихъя гэсэн юм билээ.Үүнийг л миний дүү эсэргүүцсэн. Ийм л зөрчил үүсч.МҮОНТ-ийн ахмад үеийнхний бүтээсэн маш баялаг түүх хальсан дээр хадгалагдаж байсан түрүүчээсээ үрэгдэж эхэлсэн. Дүү маань захирал болж очуутаа л ингэж болохгүй гэж үзээд Герман руу харилцаж хуучны хальсны материалыг хөрвүүлэх техник оруулж ирсэн.Тэр техникийг хэрхэн ашиглах талаар манайханд зааж сургах мэргэжилтэн араас нь ирсэн. Тэр хүн ирэх болчихоод байхад техникээ байрлуулах өрөөнийх нь засвар дуусч өгөхгүй байсан юм билээ.Гадаад мэргэжилтэн өндөр үнэтэй. Тэгээд Германчуудын цаг баримталдаг зарчмыг бид мэднэ шүү дээ. Мэргэжилтэн хүрээд ирэхээр нь яараад л техникээ оруулаад суурьлуулчихсан юм билээ.Засвар дуустал хүлээсэн бол үнэтэй мэргэжилтний цалин хоног хоногоор урсах нь дамжиггүй тэгээд л буудал хоолны зардал явж өгнө биз дээ.Ингээд л дутуу засагдсан өрөө хүлээж авсан гэдэг шалтгаанаар дүү маань ажилгүй болж байна даа.
Сурв: Та ер нь М.Наранбаатар захиралыг таних уу?
Энх: Муухан танинаа.Намайг ид хийж бүтээж явахад хөөрхөн ааштай хүү яваад л байдаг байсан. Энхээ ахаа л гэдэг юм. Нутагтаа ирчихээд МҮОНРТ-ийнхээ буйрыг эргэж явахад нэг таарсан. Яралзтал инээгээд Энхээ ахаа сайн уу гээд л мэндлэж байсан. Намайг мартаагүй байна гээд би ч бас баярлаж л байсан. Ер нь тэгээд шат шатны дарга нарт хэлмээр нэг үг тархи сэтгэлд минь шуугиад л явдаг. Ам нээвэл уушиг нээ гэсэн үгтэй юм хэлчихэе. Ямар ч хүнийг халах тушаалд гарын үсэг зурна гэдэг тэр хүний ар гэр үр хүүхэд амьдралд нь тавьж байгаа том хар цэг гэдгийг хүний хувь заяаг үзэгний үзүүрээр шийддэг хэн бүхэн бодож яваасай.

ТЭРСҮҮД ТУГЧИН

$
0
0

Enkhtaivan 1Данзанбалжирын Энхтайван 1975 онд Дүрлэх урлагийн дунд сургууль төгсөхдөө “Тусгаар тогтнолын туг” зургаараа дипломын ажлаа арай л өөр нүдээрхамгаалж байлаа. Ардын журамт цэргийн анхны магнаг үсэгтэй тугийг урлаж буй зурагт толгойдоо торгон алчуур зангидаж, гоёлын дээлээ өмссөн бүсгүйчүүд цагаан эсгий ширмэл ширдэг дээр тойрон сууцгааж, улаан торгон дээр алтан соёмбо, ацаг шүд нь жигдхэн үсгүүдийг зээгт наамлаар урлаж буй нь сүр жавхлантай.
Enkhtaivan 1-4Эрдэнэтийн ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван
Уг нь социализмын үеийн үзэл суртлаар бол харц ардын хувцас хунар уранхай ноорхой байх ёстой байсан авч тэрсүүд оюутанд тийм санаа төрсөнгүй. Дипломын удирдагч нь далан настай, ардын зураач Ү.Ядамсүрэн гуай. Чухамдаа монгол үндэсний хувцсыг насаараа судалж цуглуулсан өвгөн зураач, монголчууд ядуу байгаагүй. Дөрвөн улирлын хувцастай, толгойдоо булга, минж, суусрын арьс л хүргэнэ үү гэхээс одооны хүмүүсийн хошуураад байгаа андаатар гэгчийг тавихгүй, тарваганаас бол бүр ч сэжиглэнэ гээч гэнэ.Тэр Дүрслэх урлагийн сургуульд ардын зураач Л.Гаваа, Д.Доржпалам, Б.Гомбосүрэн нарын гурван ланжгарын гараар орсон болохоор үндэсний үзлийн үнэр эрт оржээ.

1985 онд зурсан “Талын гэрэл” хэмээх энэ бүтээлээрээ Д.Энхтайван ардчилсан үзэл баримтлалыг нийгэмд тунхаглаж байсан гэдэг.
Энэ нь хойно И.Е.Репиний нэрэмжит Уран сайхны академик институтэд очоод бүр ч сэдэрсэн. Нева мөрний эрэг дээрх түүхт хотын энэ сургуульд Зөвлөлт эх орны дайны үеийн Ленинградын 900 хоногийн бүслэлтийг давсан “ветеран войны” Ю.М.Непринцев, А.Д.Романычев,О.А.Ермеев, Е.Е.Мойсеенко, А.А.Мыльников нарын дайнд хамаг муу муухай, худал хуурмагаа гөвчихсөн ямар ч будаггүй жинхэнэ хүмүүс багшилж байлаа. СССР-ийн ардын зураач тэдэнд марксизм, ленинизмийн үнэр ч байсангүй. Амьдралын гашуун үнэнийг ааш аяг, уран бүтээлээрээ илэрхийлнэ. Тэр нь шавь нарт нь халдварлана. Гоц халдвартны тоонд монгол оюутан ч амархан багтав. Энд Д.Энхтайван “Тусгаар тогтнолын туг”-аасаа яг арван жилийн дараа “Талын шөнө” зургаа зурсан. Тас харанхуй шөнө талын дунд нэгэн гэрэл цайвалзах нь ойртсоор ахуйд Монголын говь нутагт малчин ардууд “Цогт тайж” киног шимтэн үзэж буй нь харагдана. Энэ бол 1985 он. Түнэр харанхуйг нүхлэн гэрэлтүүлсэн тэр зураг одоо ч И.Е.Репиний институтэд хадгалагдаж буй монгол зураачийн цорын ганц бүтээл юм.

enkhtaivan 21986 онд будаг нь ханхалсан зураач маань Эрдэнэтэд томилогдож, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Гоо зүйн секторын эрхлэгчээр ажлын гараагаа эхлэв. Энд Эрдэнэтийн яруу найрагч, зохиолч, зураачид цугларч, нийгэм нэг л бишээ гэдгийг ярилцана. Михайл Горбачёвын өөрчлөн байгуулалтын шуурга Монгол, Зөвлөлтийн найрамдлын энэ хотод дорхноо исгэрч, бүгчимдсэн залуус ил тод байдлыг хүсэмжилнэ. Нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлгүүд ч тайвшруулсангүй. Тийнхүү 1989 ондЗасвар механикын завод дээр До.Ганболд тэргүүтэн улс төрийн бүлгэм байгуулж, яруу найрагч Дашдондог, Дашдондов, Лхүн¬дэв, Болдсайхан, Батлүндэн, зураач Батбилэг, Баттөр, сэтгүүлч Амаржаргал, Хүүхэлдэйн театрын найруулагч Хүрэлбаатар нарын уран бүтээлчдийг нэгтгэсэн “Эв нэгтний холбоо” буюу “ЭНХ” бүлгэм мэндэлсэн билээ.
Нууцхан энэ бүлгэмээс удалгүй МоАХ-ны салбар төрж, Эрдэнэт хотын салбар зөвлөлийн анхны зохицуулагчаар зураач Д.Энхтайван сонгогдлоо. Ийнхүү тэр “Тусгаар тогтнолын туг”-ийг урласан шигээ 90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын тугийг ч барилцав.Барих барихдаа бүр тэрсүүд явдлыг нь зэмлэсэн нутгийн өвгөний үгээр бол “Оролцох нь ч яахав, оройд нь явдаг нь ч юув дээ” гэгч болсон. Түүний “Торой банди” зураг хүйтэн царцанги нийгмийн тогтолцоог халахад өөрийгөө хөсөр гээсэн зоригтон л тодорч, ялалтад хүргэж чадна гэдгийг илэрхийлсэн байдаг нь учиртай. Тэр энэ зургаа Ардчилсан намын анхдугаар их хуралд бэлэглэсэн билээ.
Тэгэхэд тэрсүүд зураач нар МоАХ-ны салбар зөвлөлийг хаа сайгүй толгойлж байсан юм, Хөвсгөлд Батжаргал, Сэлэнгэд Нороврагчаа, Өмнөговьд О.Лодон гээд л. Ер нь зураачид зөн мэдрэмжээрээ нийгмийн өөрчлөлтөөс түрүүлж явдаг. 90 онд Я.Үржнээ, Х.Цэгмэд, Х.Баттулга, Н.Арвис, Ч.Энхээ нарын олон залуу зураач ардчилсан хувьсгалын түрүү эгнээнд явсныг түүх гэрчилнэ.
Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны 12 дугаар сарын гурванд”Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм. Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын ТХ-ны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах. 1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ.
Эрдэнэтийн МоАХ-ны салбар зөвлөл навч нахиагаа дэлгэж, Л.Лувсан-Очир даргатай МоАН, А.Батбаярын тэргүүлсэн МҮДН, Т.Ганболдын удирдлагаар МСДН байгуулагдав. Хөвсгөлийн дөрөвдүгээр сарын улс төрийн өлсгөлөнг ч Эрдэнэтийн ардчилсан хүчнийхэн анхнаас нь тууштай дэмжиж байлаа.Гэвч тэдний тэмцлийг эсэргүүцэгчдийн зүгээс яруу найрагч Лхүндэвийн толгойг чулуугаар шидэж хагалах гэх мэт бусармаг үйлдэл гаргаж байсан тул Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг нартай хэлэл-цээрийн ширээний ард суухад хүрэв. Ингэснээр Хөвсгөлчүүдийн тавьсан нэгэн шаардлага болох олон намын оролцоотой төрийн эрх барих дээд байгууллагыг зарчмын хувьд дэмжиж, Эрдэнэтийн МоАН, МҮДН, МСДН-ын зөвлөлийн Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаараа улс төрийн зөвшилцөлд хүрсэн анхны алхам болсон юм. Үүний үр дүнд ГОК-ийн ажилчид ч ажил хаях шийдвэрээ цуцлав. Энэхүү алхмыг үнэлж, МСДН-ын дарга Б.Батбаяраас Эрдэнэтийн МоАХ-ны зохицуулагч Д.Энхтайванд талархлын бичиг ирүүлж байлаа.
90 оны анхны ардчилсан сонгуулиар Эрдэнэтээс Ц.Элбэгдорж, До.Ганболд хоёр АИХ-ын депутатаар сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцлаа. Тэгэхэд Эрдэнэтийнхэн санал асуулгаар шинэ намуудыг 51,2 хувийн саналаар дэмжиж, анх удаа орон нутагт цэнхэртсэн нь УБХ-д суудал эзлэхэд ч ихээхэн нөлөө үзүүлсэн. 1996-2000 онд Д.Энхтайван УИХ-ын гишүүнээр сонгогдон, улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.Эрхэм гишүүний сэтгэлийг өмнөд хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн засгийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
Энэ хооронд Туж, Дух нарс хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм таван хувь болтлоо сэглэгджээ.Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан “Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмжсэн дуу хоолой олон улсын байгууллагад хүрэв.Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны экспортыг таслан зогсооххууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүний тухай “Лус савдаг баярлуулсан хүн” хэмээн бичсэн нь бий.
Тэр үед ямар газрын баялгаа олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн донтонгууд түүнийг элдвээр дайрч давшилж, нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв. Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр “Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг.
Тэр ганц л юмнаас “айдаг”. Тэр нь завсраас завшигчид. Аливаа хувьсгалын дараах шилжилтийн үед авлига, хулгай, луйвар гаарч, эзэнгүйдсэн нийгэмд завсраас завшигчид дандаа хожсон байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгал ч ялгаагүй. Хэн таргалж, хэн турсныг ард түмэн одоо мэднэ. Харин Д.Энхтайван хэзээд тугчин байсан. Тэр үүнийгээ
Би халуун сэтгэл, энэхэн биеэ бусдад зориулах монгол эр хүн дээ
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навчаа
Би энхрийн нутгаа бусдаас харамлаж, дээшээ огших монгол эр хүн дээ хэмээн “Би монгол эр хүн” дуундаа мөнхөлсөн билээ. Энэ дууны хөшөө эдүгээ Боорчийн талд гэрэлтэн байна. Чингис хааны менежментийн холбооны тэргүүн Д.Энхтайван дээд тэнгэртээ итгэдэг, дээлтэй Монголоо мандан бадрахад итгэдэг тугчин. Тэр талцдаггүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай жин¬хэнэ монгол эр хүн дээ.
Х.АРИУНБААТАР

Эдийн засагт эргэж буй төгрөг нэг бүрийг бүртгэе

$
0
0

semuunУИХ-д өргөн баригдаад байсан Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн татжээ. Харин эдгээрийн оронд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барилаа. Уг хуулийн төслүүдийг анх өнгөрөгч долдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газрын зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-той давхцуулан УИХ-д өргөн барьсан ч эхний хэлэлцүүлгийн дараа санаачлагчдад нь буцаагаад байсан юм.

Харин УИХ-д хоёр дахь удаагаа өргөн баригдаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн өмнөх төслөөсөө ялгаатай нь төрийн зарим албан тушаалтнуудыг /Ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-д үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг байгууллага, агентлагийн дарга нар, шүүгч, прокурор, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга гэх мэт 1200 гаруй албан тушаалтан/ уг хуульд заасан эдийн засгийн “өршөөлд” хамруулахгүйгээр хязгаарлалтыг хийсэн байна. Тодруулбал, өмнөх төсөлд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид өмнө нь мэдүүлээгүй байсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр заагаад байсан юм. Харин энэ удаа УИХ-д өргөн барьсан төслийн хоёр дахь хувилбар буюу дээр нэрлэсэн төрийн тодорхой албан тушаалтнуудыг хуулийн хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар заажээ.

Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн төрийн жинхэнэ албан хаагчдын тоо хамгийн сүүлийн тоогоор буюу энэ оны эхний байдлаар 51 мянгад хүрсэн байна. Үүнээс 270 нь “төрийн өндөр албан ташаалтан” гэх ангилалд багтаж хөрөнгө, орлогыг нь нийтэд ил мэдээллэдэг. Харин бусдынх нь хувьд гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан болон өөрөө хүссэнээс бусад тохиолдолд тэдний хөрөнгө, орлогыг нийтэд мэдээлэх эрхийг АТГ эдэлдэггүй.

Монгол Улс татварын нэг шатлалд шилжсэнтэй холбоотойгоор өмнө нь 2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ одоо төслийн хэмжээнд яригдаж буй энэ хуультай адил төстэй зохицуулалт бүхий Татварын өршөөлийн тухай хуулийг батлан гаргаж байсан ч уг хуулиар ердөө албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэдгээртэй холбоотой хариуцлагаас чөлөөлж байжээ. Тодруулбал,

-2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,
-2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь;
-Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь;
-2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг;
-2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь;
-Шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг;
-Эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь чөлөөлөхөөр хуульд заажээ.

Татварын өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 20792 аж ахуй нэгжийн 19 тэрбум 400 сая гаруй төгрөгийн татварын өрийг цайруулж, төсөвт орох ёстой байсан орлого төдий хэмжээгээр буурсан ч гэлээ үр дүнд нь дөрвөн их наяд орчим төгрөгийн хөрөнгө ил болсныг тухайн үеийн Сангийн сайд мэдээлж байсан. Энэ хөрөнгө бүртгэгдсэнээр Монгол Улсын татварын бааз суурь төдий хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.

Харин энэ удаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар илүү өргөн хүрээнд өршөөл зарлаж, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс гадна үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй , эсвэл хэмжээг нь бууруулсан, нуусан далдалсан хөрөнгө, орлого болон бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаагаа хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль ноогдуулахгүй, хуулийн хариуцлагаас ч бүрэн чөлөөлөхөөр тусгасан байна. Энэ бүх хөрөнгийг ил гаргаж, бүртгэлд хамруулж чадаж гэмээн өмнө нь татварын өршөөлөөр ил гаргасан дөрвөн их наяд дэргэд нь ердөө “мөсөн уулын орой”. /Гэхдээ өршөөлд хамрагдах “хувь хүн, хуулийн этгээд” гэдэгт дээр нэрлэсэн төрийн өндөр албан тушаалтнууд болон 500 гаруй шүүгч, 450 прокурорыг оруулахгүй. Өртэй нь өрөө төлөөд, ялтай нь ялаа үүрээд явна аа гэж байна. Үүн дээр л манай улстөрчид, УИХ-ын гишүүдийн жинхэнэ эр зориг, “эх оронч” байдал шалгагдах байх даа/

Харин үүний тулд хувь хүн, хуулийн этгээд нь хууль батлагдсанаас хойш зургаан сарын дотор харьяалах татварын алба, гаалийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, АТГ-т сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, бараа, ажил үйлчилгээ, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар, үнэн зөвөөр, шинээр мэдүүлсэн байх ёстой. Шинээр болон сайн дурын үндсэн дээр гэсний учир нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгуулийг уг хуулийн зохицуулахгүй, өршөөлд хамруулахгүй.

Эдийн засгийн ил тод байдлыг бий болгохын тулд төрийн зүгээс бизнес эрхлэгчид, иргэддээ хуулийн бас нэг баталгаа гаргаж өгч байгаа нь “Уг хуулийн дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдийг чөлөөлөгдөхөөр заагдсан үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглох” тухай заалт. Зөвхөн манайд ч гэлтгүй дэлхийн бусад улс орнууд энэ мэт өршөөлийн арга хэмжээг түгээмэл хэрэглэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ч гэсэн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө СТӨ-нд иргэд, бизнесийнхэнтэй уулзах үеэрээ амласан нэг амлалт бий. Бүгд нэг гараанаас эхэлье, өмнөх хорин жилд алдсан оносон зүйл байвал нэг удаа хэлтрүүлье, үүнээс цааш л бүгдээрээ нэг хуультай явья гэж. Тэгж гэмээ нь энэ төсөв бүрдүүлж байгаа хэдэн аж ахуй нэгж, татвар төлөгчид, бизнесийнхэн нь айдас хүйдэсгүй, амар тайван, цээж тэнэгэр ажлаа хийдэг болно. Тэгэхгүй бол монголчууд нийтээрээ өнгөтэй өөдтэй яваагаа өлөн нүдээр хардаг, үзэн яддаг болж, бүгдийнх нь толгойд “хулгайч”, “авлигач” гэдэг уут углаж аваад нөгөө ардчилсан чөлөөт нийгмийнхээ бас нэг үнэт зүйлийг үгүйсгэх дээрээ тулаад байна шүү дээ.

“БОЛОР ЦОМ”-Д АМАН ХҮЗҮҮДЭЖ БАЙСАН СГЗ, СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГИЙН ХАЙРЫН ШҮЛГҮҮД

$
0
0

ganaa setguulchGanchimeg bbGANCHIMEGМонгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлсан хүмүүсийг шагнан шагналын хур буулаа. Бурууд нүд хурц гэдэг болохоор хүмүүс “МАК”-ын Нямтайширийн хүү Н.Номтойбаяр, “ГОК”-ийн Отгонбилэг агсны хүүд өгч ёстой л авдар авдраар тараасан Алтан гадас одонгоос авчихаж гэж бухимдсаар, өөр хэн ямар одон авсныг бараг л анзааралгүй өнгөрөв.
Төр түмэн нүдтэй болохоор төрийн одон медалаар энгэрээ цоолсон хүмүүс дотор хэн ч маргах аргагүй, ёстой л нүдээ олсон шагнал байна. Мэдээж олноос онцгойлон хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн хүнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө шагнал гардуулж өгдөг. Энэ сарын 24-ний өдөр сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө гардуулсан нь олон уншигчдыг баярлуулав. Сэтгүүлч Б.Ганчимэг 20 шахам жил сэтгүүлчээр ажиллаж, Ярилцлагын хатан хаан гэж өргөмжлөгдсөн нэр хүндтэй сэтгүүлч. Дан ганц ярилцлага гэлтгүй, сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрөл зүйлээр бичин “үг амилуулж”, хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон сайхан нийтлэл бичснийг уншигчид нь бараг цээжээрээ мэднэ. Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг сэтгүүлч мэргэжлээрээ, сониноос төрөн гарсан од.
Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийг ярилцлагын хатан хаан, нийтлэлч гэж хүмүүс сайн мэдэхээс, сайн шүлэгч, яруу найрагч гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Сэтгүүлч Б.Ганчимэг ерээд онд оныхонтой мөр зэрэгцэн гарч ирж, “Болор цом”-д  аман хүзүүдэж байсан сайн найрагч.  МУСГЗ, Сэтгүүлч яруу найрагч Б.Ганчимэгийн “Goodbye My love” номонд орсон хайрын шүлгүүдээс уншигчиддаа сонирхуулж байна.
Өө, би түүний
Сүүлчийн гоёл нь
Өө, би түүнийхээ
Сүүлчийн хайр нь
Санчиг үсэнд нь эгшиглэж гэгэлзсэн
Сарниж зовоосон аялгуу нь
Салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй
Сар шиг дагах садаа нь…
***
…Чамаасаа
Одод шиг дээрээс нь асгарч болдоггүй
Орчлон шиг чимээгүй эргэж болдоггүй
Энгэрт нь наалдаад эгшиж болдоггүй
Элгээн эмтлээд хагацаж болдоггүй
Чамаасаа …
***
Одоо би дандаа бээлий өмсч байх болно
Даарч байна гэж чи минь бодохгүй
Дандаа гараас минь хөтлөх гээд байхгүй
…амар…
***
Тэвэрмээр байвч
Өөр хүнээс болоод уйлж байгаа нь ил
Тэнэглэмээр байвч
Нууж чадахгүй гэнэнийг нь бодохоор
Нулимс нь  даган урсчих гээд
Одоо бид яах вэ…
***
Архи хайр байв
Ай хагацал байв
Архи хайр байв
Ай та минь байв
Адгийн тэнэгүүд минь
Ахиад би Үнсгэлжин явахгүй шүү дээ…
***
ХАРААЛ
1.
Хайраас минь урвасны төлөө
Хариу
Хараал хийлгэе
Нөхцсөн тачаангуй эр нь
Минийх юм аа
Нөгөө гоолиг асрагч нь
Түүнийх минь юм
Тэнгэр ниргэг, тэднийхийг
Цонх нь яг намайг
Тэндэхийн гүнж байх цагийнх шиг
Гэрэлтсэний төлөө
Гийсээр байгаагийн төлөө
Тэнгэр ниргэг “манайх”-ыг
Хайраас урвасны нь төлөө
Хагацал бэлэглэсний нь төлөө
Хараал хийв, би
Тэнгэр ниргэг
Тэр намхан байшинг
Инээдний минь дуслуудтай
Нулимсны минь дуслуудтай
Тэр сараалжин хашааг ч бас…
2.
Хэзээ ч юм амандаа дуу аялан
Цонхыг нь угааж байсан
Тэдний жаргадаг
Намхан байшин

Хурууны минь хээ
Хундаганы нь шилбэн дээрээс ч
Тэмтрэгдэн байх
Халуун залуу насны минь өнгө
Хаа сайгүй
Тээглэн байх
Тэдний хэрэлддэг
Жижигхэн байшин

Хэзээ ч юм хаалгыг нь
Нулимстай шидсэн
Тэдний үнсэлцдэг
Намхан байшин
Хувь заяаны минь
Нэгэн хэсэг
Хуучны модон байшин
Чөтгөр аваг
Энэ бүхнийг
Цөмийг нь мартахсан
Цөмийг нь…
2003.04.02
***
Яана
Энэ намрын сүүлчийн үүлэнд
Хагацлаа шивнэлээ
Даанч аймшигтай зовлон болохоор
Даахгүй хүндрээд бороо болон зүсрэх вий
Тэр бороонд чи даарах уу
Тэнэг над шиг дагжин чичрэх үү
Эсвэл чи шинэ бүсгүйнхээ илчинд
Энэ хүйтнийг мэдэхгүй юу
Түүний үс анхилуун уу
Тэгээд уруул нь энхрий юу
Тэврэхэд бяцхан охин шиг
Тийм ялдам бол яана аа…
***
Би
1.
Хэцүү энэ шөнийг хэнтэй хуваана
Хэцүү энэ өвлийг хэнтэй хуваана
Хэцүү энэ амьдралыг хэнтэй хуваана
Хэцүү энэ зол баярыг хэнтэй хуваанам
2.
Хэнтэй би төрсөн суурин руугаа алхнам
Хэнтэй би хашааныхаа хаалгыг чихруулан хөл тавина
Хэнтэй би зэрлэг өвс зулгааж,  орон гэрээ сэргээнэ
Хэнтэй би энэ байшинд бичээстэй охин насаа дурсана
Хэнтэй би урт назгай хаврыг хуваана
Хэнтэй би эцгийнхээ булшийг эргэнэм…
Сэтгүүлч Б.Ганчимэгийн “Goodbye My love” хайрын шүлгийн номонд орсон шүлгүүдээс “Хараал” шүлгээс бусдыг хэсэгчлэн хүргэлээ. Эмэгтэй хүний хайр дурлал, амьдрал, чин сэтгэлийн дуулал болсон эдгээр сайхан хайрын шүлгүүдийг уншъя гэвэл “Goodbye My love” номыг уншаарай.


Бат инженерийн блогоос

$
0
0

Bat OyungerelХямралын загалмайлсан эцэг
Дайны дараа европчууд Америк руу цагаачлах уу, Аргентин руу цагаачлах уу, аль нь дээр вэ хэмээн шийдэж ядан тээнэгэлздэг байсан гэвэл та нар итгэх үү?

2-р дайнаас асар их олз олсон 2 л улс байдаг юм. Нэг нь АНУ, нөгөө нь Аргентин. Европ, Ази, Хойд Африк даяараа байлдаж байх зуур хойд өмнөд америкт нам тайван байсан нь дайтаж буй талуудад хүнс нийлүүлж асар ихээр баяжих боломжийг олгожээ. Хөдөө аж ахуй нь л дангаараа шахуу тэр  их ашиг орлогыг оруулсан хэрэг. Дайтаж буй талууд юун яасан тариа будаа, мах ногоотой манатай байсан нь тэдэнд том боломж нээжээ. АНУ, Аргентин хоёр дайнаас үнэхээр мөнгөжиж чадсан гэдэг. Гэвч дайны дараагаас л тэдний зам салсан билээ. Генерал Эйзэнхаур Америкийг замжуулж, технологижуулан орчин үеийн хөгжил рүү нь түлхсэн бол хурандаа Хуан Перон Аргентийг халамжилж, эдийн засгийг нь буцаан төржүүлж, эцэст нь юу болгосоныг энд дурьдаад ч яахав. Та нар бараг мэднэ.

Өнөөдөр Монголчууд хямарч байна. Их идсэнээсээ болж гэдэс нь базлан, ууснаасаа болж тархи нь заадлаараа янгинаж, одоо гэрийнхээ хүнд загнуулан төгрөгнийхөө ханшаар хошногоо эргэтэл зад гүйлгэн сууна. Хямралын буруутан болох захын хар овоохойгоор “Хаан жимс” амралтын хүрэн дүнзэн байшинг тодруулан баахан улс төржсөн боловч цорын ганц шалтгаан нь бас тэр бишийг бид өнөөдөр л мэдэрч эхэлж байна. Гэвч яг юунаас болоод байнаа. Бас л тодорхойгүй хэвээр.

90-д оны ирээдүй баргар, эрээн бараан амьдралыг Энхбаярын их өрийг тэглэлээ гэсэн мэдээ сэргээж өгтөл Монголын эдийн засаг бараг зогсонги байлаа. Алдагдалтай аж ахуйнууд их хувьчлалаар хувьд очсон ч татвар төлөх байтугай талаас илүү нь тарж алга болсон үе байсан юм. Гончигдоржийн зараалаар Энхбаяртай уулзсан Баярцогт, Сайханбилэг нарын хийсэн тохиролцоогоор  их хувьчлалыг буцаахгүй болсон нь хувийнханд сэргэх урам өгөв. Энхбаяр улсын мэдэлд алдагдал үйлдвэрлэн хий эргэж байсан АПУ, СББ, ХХБ, Говийг мэнэжмэнт сайтай нөхдүүдэд хувьчлан өгсөн нь өдгөө дэлхийн тэрбумтнуудыг төрүүлдэг томоохон бизнесүүд болцгоожээ. Мянганы зам эхэлж олон аймагт тоос шороогүй хүрэх боломж нээгдэв. Эдийн засаг илт сэргэж төрийн сан зузаарахын хэрээр төр томорч, төр томрохын хэрээр авилгалын шарилж монгол даяар жигд сайхан халиуран ургалаа. 2004 он гарч сонгууль эхлэв.

2000 онд хосоо шувтруулан төрөөс хөөгдсөн Ардчилсан Нам ард түмэнд анхны марихуаныг нь хорлонтойгоор сорууллаа. 10000 төгрөг хүүхэд бүрд! Гурил шуудай нь 3500-5000 байсан нийгэмд энэ бол жинхэнэ тэсрэх бөмбөг байсан юм. Энэ амлалт олон хүүхэдтэй малчин айлын хувьд сард нэг морин тэрэг дүүрэн 25 кг-н шуудайтай гурил болж харагдав. Сонгууль бөөн будилаан болж болж нэг юм МАХН давж АН унасангүй тэнцлээ. Энэ удаад Энхсайханы ялалтын сокыг эхэлж уух ээлж Элбэгдоржид ирэв. 96 оны хариу ч гэж харж болохоор.

Сонгууль улс төр ч яахав. 10000 төгрөгний эдийн засгийн импакт дэндүү нүсэр боллоо. Нэг сая хүүхдэд өгөх мөнгө ч яахав. Бага хэрэг. Харин үүнийг дагасан инфляц, үнийн өсөлт эдийн засгийг хэцүүдүүлэх нь ойлгомжтой болж ирлээ. Малчид малаа махлахгүйгээр мөнгөтэй байх боломж бүрдсэнээр мал өсөж эхлэв. Мал өссөн ч тэд хэрэгцээнээсээ илүүг нь нядлах нь багасч үр дүнд нь махны үнэ эрчимтэй нэмэгдлээ. Хот хүрээнд хүүхдийнхээ мөнгөөр голоо зогоогоод байгаад байх боломж бүрдмэгц 70-80-д онд эвлэлийн илгээлтээр хөдөө хөөгдсөн хулхи малчид голдуу айлууд олноороо нийслэл, төв суурингуудад нүүн ирж шивээлэн бууж эхэлвээ. Тэд МХЗЭ, мал 2-оос болж үрэгдсэн амьдрал, үгүй болсон цаг хугацаагаа үр удамдаа залгамжлуулахыг хүссэнгүй. Анхны боломж гармагц л хот руу дайран орж ирцгээлээ. Хот руу нүүхээсээ өмнө үлдсэн цөөхөн малаа зараад ганц ганц эксэл авч унацгаасан нь Улаанбаатрын их түгжрэлийн суурийг тавьсан билээ. Зүгээр л уулзвар нэвтрэх соёлд суралцаагүйгээс анхны түгжрэлүүд эхэлсэн юм. Утаа ч энэ үеээс хоолойнд илт мэдрэгдэж эхэллээ. Тун удалгүй 10000 төгрөгийн халамж нь ч өөрөө инфляцад цохиулж 20000 болов.

2007 онд стратегич С.Баяр төрд гарав.  МАХН-аа МАН болгож коммунист нэрээ албан ёсоор цуцлав. С.Баярын төлөвлөгөө анхнаасаа л тодорхой байлаа. Тэр эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар сэргээхээр төлөвлөж байв. Учир нь олон жил сэмэртэл нь захласан уул уурхайн данга хөзөр түүний гарт ороод ирсэн байлаа. Гэвч АН-ынхан муугүй хөзөрчид гэдгээ дахин харуулж сонгуулиар бараг л гал (хос түүз) гаргаж шидэв. Хүүхдийн 20000 дээр нэмэх нь иргэн бүрд сая төгрөгний хувьцаа. Төлөвлөгөөгөө ямар ч үнээр хамаагүй биелүүлэхээр шийдсэн МАН зөрүүлээд 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр амлав. Гэрлэсэн хос бүрд 500 мянга. Сонгууль энэ удаад найр биш нанчилдаан болов. Нанчилдаан нь намналцаан болов. Улаанбаатарт онц байдал зарлагдаж хуягт тэрэг төв зам дээр зогслоо. Энэ үед Түвшинбаяр олимпийн алт авчирч түвшин баяртай цагийг сэргээгээгүйсэн бол юу болж дуусах байсныг та бид мэднэ гэж үү. Хэрхэх байсныг ганцхүү тэнгэр л мэдэх байсан буйзаа.

Бужигнаан намжиж зөвшилцөөн эхэллээ. Сайдууд мөрөөдлийн сандлуудаа ч сайхан найртай хуваан авцгаав. Сонгуулийн амлалтуудаа ч хамтран “биелүүлж” эхлэв. Хүүхдийн 20 мянга, Хүний хөгжлийн 21 мянга, эхийн одонгийн 100-200 мянга, үдийн цай, Шинэ гэр бүл, шинэ хүүхэд, шинэ өндөр настан, шинэ өөр юу юу ч билээ.  Аан тийм, сураг нь гардаг ч бараа нь харагддаггүй 1072 ширхэг хувьцаа. Өгсөн халамжийг хэрэглэлгүй цааш нь хийсээр 4 хүүхэдтэй манайх гэдэг айлыг банкны хүүтэйгээ нийлээд бараг 15 орчим сая төгрөгөөр 10-д жилийн дотор төр хүчээр халамжилж орхив. Эхнэр бид 2 ч яахав төрийнхөө “ач”-ийг хариулж дарга нартаа дураараа дургих боломжийг нь  4, 4 жилээр олгосоор. Харин дарга нар маань давраад биднийг ажилгүй болгож холгосоор сүүлдээ сайдаа магтсангүй гэж шоронд хийв.

Ард түмэн сайд дарга нарын тэжээвэр pet болж хувирав. Хуц гэвэл хуцаад хурхир гэвэл хурхирч байдаг болцгоов. Залхуурал үндэсний соёл болтлоо цэцэглэлээ. Хийсэн бүтээсэн нь байвч хийхгүйтэй адилхан үнэлэгдэх тул тэгэсгээд сэхээтнүүдийн идэвх буурлаа. Эдийн засгийн өсөлтийг экскваторын шанагдалтын тоо л тодорхойлох хэмжээнд уул уурхайгаас Монгол улс хараат боллоо.  Гадныхантай гайгүй гэрээ байгуулж байж олж ирсэн мөнгөө дараагийн хөрөнгө оруулалтандаа нөөцлөх ухаан дутаж халамжинд тарааснаас Оюу Толгойн гэрээ ажил таг зогсов. Рио Гранд гол Мексикчүүдийн мөрөөдлийг хашиж хаадаг шиг Рио Тинто компани Монголыг доллараас тусгаарлан хашиж буланд шахав.

Тэгэж байтал оюутны 70000 сангийн яаман дээр аянга болон буулаа. Онцчуудыг бүтэн даадаг тэтгэлэг хааяагүй байдаг ч энэ бол хаана ч байхгүй, байгаагүй нүсэр халамж байлаа. Социализмын үед бүх оюутан тэтгэлэгтэй байсан ч бүгд шилдэгт нарийн шүүлтээр шигшигдэж байж дотоодын 15000, гадаадын 2000 орчим оюутны нэг болдог байсан үе гэдгийг сана. 80-д оны дунд үед хамгийн оргил үедээ л жилд 800 орчим оюутан гадаад явж байсныг УИД-д орж румын бэлтгэлийн хувцасанд очерлож байхдаа би мэдэж авч билээ. Ер нь бол 70 мянгын халамж оюутандаа наалдсан эсэх нь ёстой бүү мэд юутай ч үндэсний спирт, архи, пиавны бизнесээс дэлхийн хэмжээний анхны хоёр Монгол тэрбумтан төрсөн мэдээ 2014 оны сүүлчээр биднийг огшуулж билээ.
Хаягаа олоогүй халамж бол яг үнэндээ Монголыг удирддаг 500 гэр бүлийн хэдэн хүнд сандал олж өгөх, нам төрийн ордны нарийн тоостой хивсэн дээгүүр намс намс алхах эрхийг нээж өгөхөд л хэрэгтэй зүйл.  Нэгэнт төр авсан хүнд түүн шиг хэрэггүй юм уул нь байхгүй. Гэвч яалтай.

С.Баярын хөмхийгөө зуун байж байгуулсан засгийн газрын нэг том ололт нь уул уурхайг үнэнгээсээ хөдөлгөж чадсан явдал билээ. Үүнд хөрш хятадын эдийн засгийн өсөлт, австралийн үер гээд олон хүчин зүйл давхар нөлөөтэй.  Баярын амжилтын гол нууц нь сонгуульд ялсан хэрнээ сөрөг хүчнээ хажуудаа авч ажлаар даран завгүй болгоод сонгуулийн ялагдлын уурыг нь сарниаж чадсан нь хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдлын баталгаа болж харагдсан явдал байлаа.  Мөнгө нэг хэсэг бороо шиг орсон ч  ахадсан мөрөөдлүүдээсээ болоод манан шиг замхарсан билээ. Мөнгөтэй болоод ирмэгц л Монголчуудын цээж баяны өвчин дээр дооргүй сэдэрсэн. 9 тэрбум доллар өгвөл аж үйлдвэрийн парк гээчийг барьвал чиг барилаа. Төмөр замыг хувийнхан барина гэж ямар балдууш нь байсын. Мөнгөтэйгөөрөө улс л барьчихъя. Алсдаа хятадтай байлдахдаа л нэг байлдах тул нэгмөсөн өргөн царигаар л барина. Та нарын тооцоо юу юмб. Энэ сумын засаг дарга нар гээд нэг сонгуульд мал шиг гүйдэг хэрнээ малчин шиг амьдралтай гарууд байна. Тэдэндээ засгийн удирдлагын ордонг нь ганц нэг заалтай барьж өгье. Нэг суманд 15 тэрбум төгрөг давай. Бүх аймгаа хар замаар холбоно. Гэх мэтээр миний мэдэх ганц хоёр сайдын хэмжээнд л гэхэд замбараагүй тоон дүнтэй том том амбицууд босож ирэв.  Мэдээж мөнгөөр, мөнгө байхгүй бол зээлээр. Хэн ч бартераар, бага мөнгөөр их ажил бүтээхээр төрд орж ирэхээ болив. Ардчилалын сүүлчийн найдвар Үүл баатар хүртэл хотын дарга болмогцоо хогны уут гэдэг үнэтэй хог тарааж өөрийнхөө хорин хэдэн жил үсчин байж хуримтлуулсан улс төрийн капиталаа хог дээр чулуудайдчихав.

Төрд итгэх итгэл найдвар хавтгайгаараа уналаа. Захын хар овоохойд тодорсон “хаан жимс”-ний байшингийн эзнийг шоглосоор байгаад засгаас татаад унагаачихав. Гэвч хямрал үргэлжилсээр. Мэдээж үргэлжилж л таарна. Учир нь хямрал дан ганц түүнээс болоогүй. Бас шинээрээ сайхнаараа байгаа ерөнхий сайд ч хямралын шалтгаан биш тул түүнийг сольсон ч хямарсаар л байх болно.

Алтанхуягийн хувьд засгийн газраа ганцаараа удирдаж 3 долоо хоноод л уналаа. Эхлээд засгаасаа талыг нь гарга гэсэн шахаанд орж гаргангуут нь МАН-тай хавсарч хийсэн мэхэнд орж унав. Болд сайд тамгаа Ерөнхийлөгчийн зөвлөхөд зүгээр өгчихсөн бол засаг бүхлээрээ унахгүй ч байх боломж бол байсан л байж гэж засгийн бүтцийн өөрчлөлтийн яамдын нэр уснаас анзаарсан. Гэвч болсон юм болоод л өнгөрлөө.
Алтанхуягийн засгийн газар 3 ерөнхий сайдтай байснаас болж маш зовлонтой байсан нь үнэн. Тэр засгийн газарт Алтанхуягаас гадна Жэнко, Портуун гэж ерөнхий сайдууд байлаа. Дор дороо мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалттай тийм ерөнхий сайдуудыг удирдах боломж байсан эсэхэд би одоо ч эргэлздэг. Тохиролцооны томилгооны л сүүдэр байх.

Бонд гаргаж өр тавьсан боловч түүний төлбөрийн хугацаа болоогүй тул чингис бондыг хямралд буруутгах шалтаг олоход хүнд. Мэдээж зарцуулалт асар буруу байсан. Очиж очиж 888 байхдаа ч яахав дээ. Бидний аз болоход 1.5 тэрбумханы бондоор тоглосоныхоо ачаар 5-10 тэрбумын өр тавих нүүргүй болж ирээдүй хойч маань аврагдах шив. Монголын крединт рэйтингийг унагааж өгч цаашдын асар их өр зээлнээс аварлаа. They were perfectly brilliant, thank you very much.

Дээгүүр ийм байхад доогуур паралич байдал хавтгай байв. 2012 оны 11 сард томилогдсон МИАТ-н захирал компаниа өөрөө удирдаад дөнгөж 3 сар болж байна. Гэвч бас л халаа сэлгээнд өртөх шахлаа. Өмнөх 2 жилд МИАТ-г Энхтайвны гүүрний дэргэдээс гардан удирдаж байсныг бүгд мэднэ. Үр дүн нь өнөөгийн мухардал. МИАТ ч яахав. Засгийн компани. Засаг нь босгоно гэвэл босгоод боож унагаана гэвэл унагаагаад зарна гэвэл зарна л биз. Миний мэдэх газруудад л ийм байсан юм чинь улс орны хэмжээгээр зураг гаргаж харъя гэвэл ардчилалынхан, ардын намынхны хийсэн хоёр том понарам зургийг нийлүүлсэнээс ч том зураг гарч магадгүй л юм. Базарваань.

Хятадад шинэ удирдагч Ши гарав. Авилгалтай тэмцэхээ зарлалаа. Хятадад авилгыг бэлэн мөнгөөр бус байр буюу үл хөдлөх хөрөнгөөр өгдөг байсан бололтой. Хуулиар нэг айл нэг хотод нэг л байртай байх ёстой тул авилгын байруудыг өөр өөр хотод өгч эхэлжээ. Хятадын дундаж дарга л янз бүрийн хотуудад 40-50 байртай болсон нь үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлийг үндэсний хэмжээнд нэгтгэсэн ажлын  үр дүнд ил болов. Хятадын дарга нар агшив. Цааз элбэгшив. Үүнийг дагаад хятадад үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом уналаа. Барилгын үндсэн түүхий эд болох гангийн эрэлт буурав. Гангийн эрэлтийн бууралтыг дагаад манай коксжих нүүрс шороо боллоо. Хятад том эдийн засаг тул системийн засвартаа том зардал гаргаж, түүнийхээ пянг дааж чадлаа. Харин Монгол л  чирэгдэн элгээрээ мөлхөхдөө тулав.

Монголд бас авилгалтай тэмцэв. Авилгал өгсөнийг, авсаныг заримдаа өгөөгүйг нь ч АТГ-р айлгаж орхив. Шударгаар өрсөлдөөд шовхоо үзсэнээс АТГ-д ховлож төрийн зардлаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулах нь хамаагүй амар хямд арга зам болж хувирлаа. АТГ ирсэн мэдээлэл бүрд нухацтай хандан, шалгаж мухарлах үүрэгтэй. Ажил нь тэр юм. АТГ өөрөө ч мэдэлгүй улс төр, бизнесийн шударга бус өрсөлдөөний багаж болж орхив. Үр дүнд нь авилгалтай хийх тэмцэл утгаа алдаж эхэллээ. Шальдар бульдар жиргээг хүртэл АТГ-д ховлож суудаг, дүү нь ажилладаг АТГ-с гаргуулсан тодорхойлолтоор жиргээчийг шүүх дээр ялдаг сайдтай болов. Тэндэр булаалдсан компаниуд, сандал булаалдсан дарга нар нэгнээ ховлож хорлох нь хэрээс хэтрэв. Олон мөрөөрөө бизнесмэн намс хийн агшлаа. Тэд төртэй бизнес хийхээс цааргалах болов. Гай болж гэрээ хийсэн дарга нь өөр хэргээр ч хамаагүй АТГ-д дуудагдвал түүний бизнесийг ч бас зүгээр байлгахгүй нь тодорхой болж ирмэгц бизнесийн тэлэлтийн плануудаа хойш нь тавьцгааж эхлэв. Ажлын байр шинээр нэмж үүсгэх олон төлөвлөгөө on hold болон царцлаа. Айж эмээлгүй эргэлдүүлж байсан мөнгөнүүдээ ч гудсан дороо нууцгаав. Зарим тооцоогоор 2-3 тэрбум доллар нууц байдалд орж, эргэлтээс татагдан тэр хэрээр улсын эдийн засаг агшсан байна.

За томчуудын толхилцоон ч яахав. Төрийн бужигнаан ард түмний амьдрал дээр яаж бууж байгааг харъя. Ганц үгээр хэлэхэд шинээр засаглагчдын цомхотгол, хэмнэлт, бүсээ чангалалт гэсэн дуу тасгийн пулементны жигдхэн тургиа шиг л тачигнаж байна.  Хэмнэлт ч хийнэ л гэнэ. Мөнгө хэрэгтэй л гэнэ. Нөгөө сайн эрсийн агуу мөрөөдлийг биелүүлэх мөнгө хэрэгтэй бололтой. 2013 оноос эрчээ авч одоо ид хурдандаа орж байгаа цомхотгол, халаа сэлгээний давалгаа л эдийн засагт хамгийн сөрөг үр дүн дуудаад байна. Хэний ч ажлын байр баталгаагүй болоод ирэхийн цагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл дагаад уналтанд орчихлоо. Ажлын байрны баталгаа алдагдсанаас айсан агшилтаас болж байр авах, моргэжийн гэрээнд итгэлтэй зоригтой гарын үсэг зурагчдын тоо эрс цөөрлөө. Барилгын салбар бажгадаж эхлэв. Үнээ буулгасан ч ажлын байрны баталгаа сэргээгүй тул үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нь уруудсаар. Асар их зээлээр тэтгэсэн барилгын салбарынх нь хөөс хагарч, өрөм нь шалчийж эхэлмэгц банкууд сандарч эхлэв. Банк, барилга, худалдан авагч гэсэн чухал хэлхээсийн нэг тулгуурыг хөрөөдөж хаясан намчин, фракцчид бие биенээсээ өрсөн нэгэндээ бурууг тохохоор уралдацгаав. Ингэхдээ засгаа сольж тэр мөчирийг тайран хаях хөрөөг улам л ирлэж орхилоо.  Цомхотгол, халаа сэлгээ, үүсгээгүй ажлын байр бүхэн монголын бизнесүүдийн худалдан авагчийн тоог цөөрүүлэх, монголын бизнестэй хийж буй дайн юм. Энэ дайнд намууд ялж, над мэт нь ялагдав.

Харвардын шинэхэн төгсөгч Элбэгдоржтой 2003 оны намар МЗХ-ны 310 тоот дахь Эрх чөлөө төвийн өрөөнд нэлээд хэдэн удаа ярилцан суудаг байв. Мань хүн Нүүх үү Үлдэх үү алдарт лекцийнхээ content development дээр ид ажиллаж надаас мэргэжилийн хүний хувьд агаарын хаабын талаар асууж тодруулж байсан юм.  Бид хөгжлийн тухай, Хар Хорины тухай, засгийн зарчмын тухай сэтгэл хөдлөм зүйлс олныг ярилцсан.
Эби нэг удаа надаас асууж байна
‘Монголын хөгжлийн хамгийн том дайсан юу вэ’
‘Популизм’ гэж би бодох ч үгүй шууд хариуллаа. Тэр санал нийлж байгаагаа илэрхийлж толгой дохиод, ноот бичдэг дөрвөлжин жижиг цаасан дээрээ юм тэмдэглэж авлаа.
Тиймээ миний хариулт бэлэн байсан юм. Тэр үед би Мадоннагийн Don’t Cry For Me Argentina дууг хэдийнээ сонсоод хямралын загалмайлсан эцэг Хуан Пероны тухай нэлээд судалчихсан байлаа.
Энэ ярианаас хойш яг 9 сарын дараа ардчилсан нам хүүхдийн 10000-г зарлан, яг 69 сарын дараа Элбэгдорж дарга үндэсний эцгээр тодорсон юм даа.

Үргэлжлэл … “Магеллан хаагуур гарах вэ

УРАН ЗОХИОЛЫН ЦАГ

$
0
0

AltantsetsegОрчуулагч Дамдинжавын Алтанцэцэг япон хэлнээс богино өгүүллэг орчуулан хөрвүүлж, олон нийтийн сонирхлыг татаж байгаа. Манай сайт орчуулагч Д.Алтанцэцэгийн “Канар бялзуухай” өгүүллэгийг уншигчиддаа хүргэж байна.
Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо.
Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л…
Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол…Энэ бялзуухайг би танд миний дурсамж болгон бэлэг барья. Хар даа. Энэ хоёр канар бялзуухай эхнэр нөхөр хоёр юм шүү дээ. Гэхдээ хаанахын ч юм шувууны дэлгүүр эм, эр бялзуухайг хаа нэгтэйгээс барьж ирээд зүгээр л хамт торонд хийчихсэн юм. Бялзуухайнууд юугаа мэдэх билээ. Юутай ч эднийг харан намайг дурсан санаарай. Амьд амьтан бэлгэнд өгөх хачин байх л даа. Гэвч бидний дурсамж ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Энэ бялзуухайнууд хэзээ нэгэн цагт үхэх биз ээ. Бид хоёрын дундах бидний дурсамж ч гэсэн мөхөх хэрэгтэй цаг нь ирэх аваас мөхүүлэн төгсгөл болгоё доо” гэж.
Одоо тэрхүү бялзуухайнууд маань үхлийн ирмэгт тулаад байна. Тэжээх хүн байхгүй болсон юм. Ядуу тарчиг, болхи зураач би энэ турьхан жижиг шувуудыг яахин тэжээж чадах билээ. Танд шулуухан хэлье. Бялзуухайг харж асарч байсан эхнэр минь нас барсан юм. Эхнэр нас барахад бялзуухайнууд хүртэл үхэхэд хүрэх гэж дээ. Бодоод үзвэл эзэгтэй, таны тухай дурсамжийг надад хадгалж үлдээж өгсөн маань эхнэр минь байсан юм уу даа.
Би бялзуухайг тэнгэрт нь суллан тавьдаг юм бил үү гэж бодсон юм. Гэвч эхнэрийг минь нас барснаас хойш бялзуухайнууд бас гэнэт мэдэгдэхүйц сульдаж далавч жигүүр нь ч эцэж доройтсон мэт харагдана. Тэгээд ч энэ бялзуухайнууд тэнгэр гэдгийг мэдэхгүй л дээ. Энэ хотод ч, ойр хавийн ой модонд ч энэ хоёртой сүрэглэн амьдрах найз шувууд нэг ч үгүй. Хэрэв хоёр шувуу салан нисэж одвол нэг нэгээрээ үхээд өгөх биз ээ. Тэгээд ч та, ердөө л шувууны дэлгүүрийн хүн нэг эм бялзуухай, нэг эр бялзуухайг хаа нэг газраас барьж аваад нэг торонд хийсэн юм гэж хэлж байсан даа.
Хэдий тийм авч шувууны дэлгүүрт ч зармааргүй байна. Таны бэлэглэсэн шувуу шүү дээ. Танд бас буцааж өгмөөргүй байна. Эхнэрийн минь тэжээж байсан шувуу шүү дээ. Тэгээд ч аль хэдийн мартагдсан байж магадгүй эдгээр бялзуухай танд дараа л болох биз ээ.
Дахин хэлэхийг минь өршөөн соёрхоно уу. Эхнэр маань байсан болохоор энэ бялзуухайнууд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байж чадсан юм. Таны тухай дурсамжууд ч. Тийм болохоор эзэгтэй, би энэ шувууг эхнэртээ зориулан тэнгэрийн оронд хүргэмээр байна. Зөвхөн дан ганц дурсамж ч биш. Яагаад би тан шиг хүнд дурлаж чадсан юм бол? Эхнэр минь байсан болоод тэр биш үү. Эхнэр минь надад өдөр тутмын аж амьдралын элдэв бэрхшээл зовлонг ор тас мартуулж өгсөн юм. Амьдралын тал хэсгийг харуулахгүй байлгаж өгсөн юм. Тиймгүй бол би лав тан шиг бүсгүй уруу эгцлэн харах зүрх хүрэлгүй харцаа буруулах юм уу, доош тонгойчих байсан биз ээ.
Эзэгтэй, бялзуухайнуудын амийг тасалж эхнэрийн булшинд булахыг зөвшөөрч хайрлана биз дээ.

Кавабата Ясүнари, 1924 он, Япон.

УНТАХДАА, СЭРЭХДЭЭ Ч ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙХЫГ Dermastetik ЗӨВЛӨЖ БАЙНА

$
0
0

12064019_1226709194022852_225493754_nЭмэгтэй хүн бүр өөрсдийн хэмжээнд цаг үргэлж мөнхийн гоо сайхны эрэл хайгуул, оролдлого хийж байдаг ч харамсалтай нь тэр бүр санасан үр дүндээ хүрч чаддаггүй. Тиймээс бид дэлхийн түвшинд хийгдэж буй орчин үеийн гоо заслын хамгийн эрүүл бөгөөд аюулгүй аргуудаас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авснаа хүргэж байна. Сүүлийн үед арьс гоо заслын салбарт хамгийн эрэлттэй байгаа үйлчилгээ болон тэдгээрийн үр дүн, ахиц дэвшлийн талаар Европын холбооны орнуудад болон Солонгос улсад сурч мэргэшсэн “Дермастетик”эмнэлгийн гоо заслын эмч А.Хатанзултай ярилцлаа.
-    Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа лазер эмчилгээний төрлүүдээс товч танилцуулж, үр дүнгийнх нь талаар зөвлөгөө өгнө үү?
-    Лазер технологи бидний арьсны гадаад өнгө үзэмж болон харагдах байдал нь эрүүл амьдралын хэв маяг болон байнгын арчилгаа мөн арьсанд тохиромжтой эмчилгээ үйлчилгээ сонгохоос ихээхэн шалтгаалдаг. Лазер эмчилгээ нь анагаах ухааны салбарт 25 жил орчим ашиглагдаж байгаа бөгөөд гоо заслын эмчилгээний салбарт улам дэвшин олон төрөлд хуваагдан илүү ихээр сайжран гарсаар байгаа. Арьсны олон төрлийн эмгэг асуудлуудыг эмчлэх боломжтой бөгөөд эсийг электоромагнетикийн үелзлэлээр сэргээх залуужуулах эмчилгээ юм. CO2 FRACTIONAL LASER бусад лазераар эмчлэгдэх боломжгүй байсан бүх төрлийн сорви, арьсны нүхжилт, язралт, арьсны хөгшрөлтийг өндөр үр дүнтэй эмчлэх нэг эмчилгээ юм. Энэ технологи нь өнгөрсөн 10 жилд гарсан арьсны гадаргууг эмчлэх хамгийн оновчтой эмчилгээ ба лазераар эмчлүүлэгчдийн арьсны гадаргууг нэг бүрчлэн сканердаж хийгддэг учраас энэ нь шинэ коллаген үүсэх явцыг идэвхжүүлж, эмчлэгдсэн талбайнууд микро дулааны олон мянган бүсүүдийг шинээр үүсгэн илүү эрүүл толигор залуу шинэ арьстай болох  үр дүнд хүргэдэг юм. Арьсны хийгдэх хэсгээс хамааран янз бүрийн хэмжээ давтамжтай хийгдэнэ. IPL эрчимт хийн гэрлийн богино долгион бөгөөд өргөссөн хялгасан судас /аалзан венийн судаснууд/ хацар хамрын угалзны гэх мэт сэвх нөсөө толбо, тослогийн тэнцвэрт биш байдал, нүүр болон биеийн илүүдэл шар үсний ургалт арилгах мөн батгашилт зэргийг эмчлэх хамгийн сайн эмчилгээ бөгөөд коллаген эластин сэргэж, арьс өнгөлөг залуу болдог.
-    Унтахдаа ч, сэрэхдээ ч үргэлж үзэсгэлэнтэй байхыг хүсдэггүй эмэгтэйчүүд байхгүй байх. Танай эмнэлэгт хийгдэж байгаа удаан хугацааны тогтолттой нүүр будалт буюу гоо заслын шивээсний талаар таниас сонирхмоор байна?
-    Хүн бүр тухайн цаг хугацаанаас хамаарахгүйгээр үргэлж гоо сайхан харагдахыг хүсдэг нь мэдээж. Гэвч бид үргэлж тийм байж чадах нь ховор бөгөөд маш их цаг зарцуулах болдог. Мөн өглөөний нүүр будалт бүтэн өдөр тэр хэвээрээ байх нь юу л бол. Энэ асуудлуудыг бидэнд шийдэж өгөх шилдэг арга бол permanent make up юм. Хийгдэх арга нь нэг төрлийн шивээсний төрөл боловч бусад түгээмэл хийгддэг шивээснээс ялгаатай нь химийн найрлагатай болон бэхэн будгаар хийгддэггүйгээс гадна энгийн шивээсийг бодвол арьсны маш өнгөц давхаргад хийгддэгээрээ онцлогтой. Тиймээс гол нь харагдах байдал маш натураль бөгөөд пигментний өнгүүд нь хүний арьсанд маш сайн тохирч өөрийн мэт харагдуулдаг.
-    Алдарт дуучин Бейонсегийн сонгосон нялх хүүхдийнх мэт булбарай цайвар шингэн арьстай болгох шинэ сүүлийн үеийн эмчилгээний талаар та мэргэжлийн зөвлөгөө өгч болох уу?
-    cinderella +lution+vitamin c- buyu baby skin тарилга нь дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, меланины исэлдлийг задлан чөлөөт радикалуудыг тогтворжуулж арьсыг цайруулан илүү залуу харагдуулах ба арьсыг бүхэлд нь сэргээж өнгөлөг гэгээлэг болгодог. Арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээсийг багасгадаг өдөр тутмын ажлын дараа ядарсан царайгүй мэт мэдрэмж төрнө. Биеийн өөхийг мөн үр дүнтэй багасгах нөлөө үзүүлдэг хөгшрөлтийг хүчтэй сааруулах нөлөө үзүүлэх ба цусан дахь глюкозийг тэнцвэржүүлнэ. Энэ үйлчилгээнд орохдоо эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчийн хяналтанд заавар зөвлөгөө авсны дагуу хамрагдах ёстой.
-    Гоо  сайхны мэс заслаас өөр нүүрний арьсыг өргөх аюулгүй бөгөөд үр дүнтэй сонголт хайсаар байгаа бүсгүйчүүдэд зөвлөх үйлчилгээ юу байна вэ?
-    thread lifting буюу коллаген болон алтан утас суулгах гоо заслын үйлчилгээ нь аюул эрсдэлгүй үйлчлүүлэгчдийн маань хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг үйлчилгээ болоод байна. Энэ салбарт 10 гаруй жил хэрэглэгдэж байгаа бас мэс хүргэхгүй сорви үүсэхгүй мөн эдгэрэх хугацаа бараг шаардахгүй богино хугацаанд хийгдэнэ. Газар дээрээ үр дүнгээ харуулдагаараа гайхалтай давуу талтай байдаг.Арьсан дор хүний үс шиг нарийн ширхэгтэй хайлдаг алтан болон коллаген утсыг уян зүүний тусламжтай суулгах бөгөөд ингэснээр арьсанд коллаген нөхөн төлжих явцыг сэдрээж, цусны олон тооны жижиг судлуудыг сэргээж арьсыг уян хатан болгож чангаруулан түүний арьсанд байх хугацаанд арьсны хөгшрөлтийн явцыг зогсоодог. Коллаген бол арьсны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьсыг толийлгож гэмтлийг засдаг.
-    Монголчууд уур амьсгалын нөлөөллөөр хуурай эмзэг арьстай. Энгийн гоо сайхан иллэг хийлгэсэн ч буцаад хуурайшиж эмзэгшээд байдаг. Үүнд хамгийн оновчтой үр дүнтэй эмчилгээг та санал болговол?
-    Цаг агаарын нөлөөлөл арьсны онцлог мөн он цагийн нөлөөллөөр арьс даган хөгширч, коллаген болон уян хатан байдлаа алдаж чөлөөт радикалууд ихсэж байдаг. Үүнээс үүдэн үрчлээ үүсч нүүрний хэлбэр өөрчлөгддөг. Арьс сулардаг гэсэн үг. Бид энэ процессыг огт зогсоож чадахгүй ч удаашруулах бүрэн боломжтой. Өдөр бүр хэрэглээний косметик болон энгийн үйлчилгээний аргуудаар бид арьсанд хангалттай шим тэжээл чийг өгч чаддаггүй. Үүнд арьсны эхний давхарга зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн тохиромжтой ЗМТ буюу радио долгионы аппаратны тусламжтайгаар арьсны нүх сүвүүд нээгдэж, арьсны гүний эсүүдэд нэвтрэн идэвхтэй найрлагуудыг өгч эд эсүүд сэргэн токсин ялгаран гарч, коллаген эластин нөхөгддөг. Арьсны гадаргуу жигдрэн амарч, өнгө орон сэргэдэг.
-    Мэсийн бус аргаар гиалуроны хүчил тарьж хамрны далий тэгшлэх, хамрын нуруу үзүүрийн өндөрлөх, уруулын хэлбэр засч зузааруулах, нүүрний унжсан ба хонхор хэсгийг дүүргэх мөн ботоксоор үрчлээ тэнийлгэх зэрэг өөр үйлчилгээнүүд хэр хугацаанд хийгддэг вэ? Өвдөх үү? Сөрөг нөлөө нь юу бол?
-    Бүх төрлийн лазер эмчилгээ мөн ботокс дүүргэгч тариа буюу filler (hyaluronic acid) утас тавих гэх мэт эдгээр мэсийн бус эмчилгээнүүдийг зөвхөн мэргэжлийн туршлагатай эмчийн зааврын дор эмнэлгийн нөхцөлд хийлгэх нь ямарваа нэг буруу хийснээс үүдэх сөрөг үр дагавараас сэргийлнэ. Энгийн гоо сайхны салонд эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь эмчлэх мэдлэггүй, лазер туяаны талаар ойлголт байхгүйгээс үр дүнгүй байх эсвэл арьсыг гэмтээх асуудал их гаргадаг бөгөөд гоо сайхны салонуудад эдгэр эмчилгээг хийх нь хориотой. Эмчийн зүгээс зөв цаг хугацаанд зааврын дагуу мэргэжлийн түвшинд хийж, тухайн үйлчлүүлэгч нь заавар зөвлөгөөг мөрдөн хамтран ажилласнаар хүссэн үр дүнд хүрэх ба сөрөг үр дагавар гарахгүй.
-    Бидний асуултанд уйгагүй хариулж, зөвлөсөн таньд баярлалаа.

О.Хонгорзул

Дуучин Нара+Дуучин Бэке=???

$
0
0

Beki BadamgerelУИХ нэг хэсэг барилгачин, барималчин будагчин, шаварчин, бөхчин юу эсээр дүүрэв гэсэн шүүмж сонсогддог байсан бол энэ сонгуулиар мөн л дуучин, хуурчин хэн эс сонгуульд нэр дэвших нь вэ гэсэн халаглал цоо шинэ мэтээр дэгдэж байна. Нэг талаасаа УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага боловч нөгөө талаасаа ард түмний төлөөлөл гэдэг утгаараа дуучин ч юм уу жүжигчин, “бөхчин” /тамирчин/ хэн боловч сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой нь зүй.  Төлөөллийн байгууллагын хувьд төлөөллөө хангаж чадахгүй байх, хууль тогтоох байгууллагын хувьд хуулиа батлах, боловсруулах үүргээ гүйцэтгэж чадахгүй байх гэсэн тус тусдаа асуудал боловч аль нь мэдэгдэхгүй бантан зутан болчихоод байгаад л хэргийн учир оршиж байгаа болов уу.
Энэ удаагийн сонгуулийн хувьд ч хэдийгээр нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах хугацаа болоогүй байгаа ч дуучин Нара бараг хамгийн эхний салхийг хагалж, нэр дэвшинэ гэдгээ зарласнаар дуулианы бай болоод байгаа. Түүнийг баалах нэгэн байхад өөрийнхөөрөө энгийн, ил тод байр сууриа илэрхийлж байгаа нь чамгүй олон хүний дэмжлэгийг аваад байгаа. Гэтэл түүний араас яг түүний бие даан нэр дэвшинэ хэмээж буй Баянгол дүүрэг ноён Бондгор хэмээх дуучин мөн л нэр дэвшинэ гэж зарласан бас нэг шуугиан дэгдэв. Үүний өмнө дуучин Бэке буюу Мөнхбаяр гэгч залуу мөн бие даан нэр дэвших бодолтой байгаа гэсэн үг цухуйлгасан байсан болохоор “Толгой хоосон дуучид хүртэл УИХ-д санаархдаг болж” гэсэн шүүмж цахим орчинд дэгдээд байв. Аз болж ноён Бондгор өөрөө УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаар албан ёсоор илэрхийлэв.
Гэвч дуучин Нара, Бэке нар УИХ-д нэр дэвшинэ гэсэн мэдэгдэл зарим нэгний эгдүүцлийг төрүүлсээр байна. Үүнд гандан бууршгүй Нара Монгол Улсын иргэн хэн боловч сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой хийгээд залуучуудын төлөөлөл УИХ-д сох дутаад байгааг зоригтойгоор илэрхийлсээр байгаа бол дуучин Бэке арай аядуу тайван аргыг сонгосон бололтой.
Тэрээр саяхан болсон Монголын эдийн засгийн форумд идэвхтэй оролцож, “УИХ-д нэр дэвших гээд элдэв  форумд гэнэт оролцдог болов уу” гэсэн сониуч нэгний асуултанд “Би энэ форумд зургаа дахь удаагаа оролцож байгаа шүү дээ” гэсхийсэн даруухан тайлбар хэлэнгээ гадны төлөөлөгчидтэй санал солилцсон шигээ явав.
Үнэндээ Бэке гэдэг дуучныг ямар хит дуу бүтээснийг олон нийт тийм ч сайн мэдэхгүй ч Мөнхбаяр гэдэг залуу нэр дэвшихийнх нь сургаар дуучин л гэж мэдэж байгаа нь үнэн. Харин дуучин гэдэг тодотголтой болсон Г.Мөнхбаяр JCI байгууллага болон залуусын олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог, Монголоос анх удаа Хонконгод болсон арга хэмжээний үеэр англи хэлээр илтгэл тавьж амжилтад хүрсэн, өөрөө бие даан залуусын бүх төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн Залуучуудын форумыг зохион байгуулсан гэдэг юм билээ.
Гэвч олон нийт байтугай өрсөлдөгчид нь ч одоохондоо Г.Мөнхбаярыг залуу эдийн засагч судлаач, хууль зүйн тогтолцооны хувьд “гаргаахгүй” мэдлэгтэй  гэдгийг нь сайн мэдэхгүй л байх шиг. “Михиалд нэг бодол бий гэдэг” шиг энэ залуу юм дуулгаж магадгүй гэдгийг цөөхөн хүн гадарлаад тойглож эхлээд байгаа сураг байна. Одоохондоо сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байгаа болохоор Мөнхбаяр өөрийгөө таниулж эхлээгүй байх шиг.  Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр “чангарах” сурагтай байна лээ шүү.
Одоохондоо бол дуучин Нара дуучин Бэкег, дуучин Бэке дуучин Нара-г дэмжиж байгаа. Хамтдаа хөтлөлцөөд гүйгээд байвал мөн ч олон залуусын дэмжлэгийг авч магадгүй гэсэн айдас л “ах эгч” нарт нь байгаа гэсэн шүү.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томиллоо

$
0
0

b-shinebaatar_tnbd“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ. Энэ шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гаргасан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ерөнхий захирал, ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоос гадна үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн таван орлогчтой бөгөөд Б.Шинэбаатар нь ОХУ-ын эзэмшил дэх 49 хувийг төлөөлж байсан захирлын оронд томилогдож байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид ӨМӨЗО-нд айлчилж байна

$
0
0

gok-640x360Энэ сарын 23-30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны урилгаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид БНХАУ-д айлчилж, Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагад оролцож байна.

Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлдэг агаарын болон төмөр зам, автозамын боомтуудтай газар дээр нь танилцаж байгаа бөгөөд сэтгүүлчид 9 сарын 26-ны өдөр Хөх хотод “Нэг бүс нэг зам”-ын боомтын алхаа Хятад-Монголын сурвалжлагчдын хамтарсан хуралд оролцов.

Хурлын үеэр ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Боомтын албаны дарга Гүө Ган боомтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Сэтгүүлчдийн айлчлал Баяннуур, Ордос хотуудад үргэлжилнэ.

Агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ?

$
0
0

2463727672_986cb788b3_bХүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихсэх хандлагатай болж байгаа. Гэр хороолол төдийгүй хотын төвд хүртэл сааралтах утаа униарын хортой чанараас үүдэн бага насны хүүхдүүдийн дунд дархлаа сулрах, ханиад томууны өвчлөлд өртөмтгий болох асуудал бараг энгийн үзэгдэл мэт болж. Тэгвэл бид бүхэн агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр тутмынхаа амьдралд чухам ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ…

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан дараах зөвлөмжүүдээс хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

1. Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах

Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.

Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

2. Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших

Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны ххаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.

3. Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах

-Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.

-Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.

-Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай.

4. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих

-Сайжруулсан зуух

-Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)

-Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах

-Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх

-Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

5. Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах

Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

-Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

-Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.

-Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах

-Гэртээ тамхи татахгүй байх

-Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.

6. Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх

Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.


НИЙСЛЭЛЧҮҮД “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ

$
0
0

Mod tarivМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих Үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын Ойн тухай хуулийн 31.1-д заасны дагуу 2016 оны мод тарих үндэсний өдрийг Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын 2016 оны А/38 дугаар тушаалын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Б.Эрдэнэтуул, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар үг хэллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ жилийн тарилтаар 5 зүйлийн Голтбор, Гүйлс, Чацаргана, Агч, Шар хуайс болон гоёл чимэглэлийн 2120 ширхэг сөөг тарьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон, 25 байгууллага аж ахуйн нэгж, Ерөнхий боловсролын дунд сургуулийн 100 орчим сурагчид,1500 гаруй иргэд идэвхитэй оролцлоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн төлөвлөлтийн дагуу мод бут сөөг тарихаас гадна энэ жилийн хувьд усалгаа арчилгааны жил болгон зарлаж өмнөх жилүүдэд тарьсан мод бутны суулгацуудын ургалтыг сайжруулж арчлаж хамгаалаах тал дээр анхаарч ажиллаж байгаа байна.

“Ногоон Улаанбаатарын төлөө нэгдсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оюутан сурагчиддаа талархал илэрхийлье.

Сталины хүүг хэн алсан бэ?

$
0
0

Vasily StalinСталин нас бараад сар хагас болж байхад буюу 1953 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сталины хүүг баривчилжээ.
Энэ хэргийг хэн эхэлж сэдсэн эзэд нь Сталины л гар хөл болж байсан Берия, Молотов, Маленков, Хрущев нар байсан юм. Энэ хүмүүс Сталины хүүгийн өөдөөс ам ч ангайж чадахгүй байсан гэдэг. Лаврентий Павлович Берия Аюулаас хамгаалах газрыг цагдаагийн байгууллагатай нийлүүлээд дотоодын цэргийг гартаа авч, намын нөхөд рүүгээ дайрахад бэлэн болсон цаг. Берия Сталины хүүг ард түмний сэтгэл санаанаас гаргах нь зөв, тэгэхгүй бол ард түмэн намайг хүндлэхгүй байх гэж бодсон биз. Василий бол Сталины мах цусны тасархай, нүүр царайгаараа ч эцэгтэйгээ адилхан санагдаад байхаар нь зайлуулахаар шийдсэн гэдэг.
Василий Сталин баривчлагдах гэж байгаагаа нисэгч нөхдөөсөө анх дуулжээ. Василий үүнийг сонсоод энэ бол «Лаврик ахын, Жора ахын хийж байгаа ажил байх. «Аавын маань энэ нөхөд» надад чихэр өгч, илж энхрийлж тоглож наадаж байсан юмсан» гэж хэлж байжээ. (Лаврик гэдэг нь Лаврёнтий Берияг, Жора гэдэг Георгий Маленковыг хэлсэн хэрэг.) Василий бүх бичиг цаасаа янзалж, зарим нэгийг нь галдан шатааж устгаад, хайртай нохойгоо буудчихаад хүлээж эхэлжээ.
Өглөө болохын алдад Аюулаас хамгаалахынхан орж ирцгээгээд «Нөхөр генерал аа, таныг баривчлах хуудас энэ байна!» гэж хэлжээ. Василийн хойноос хоёр орлогч нь, аж ахуйн дарга нь, дөрвөн туслах нь, жолооч нь, тэр байтугай штабын үсчин хүүхэн Лефортын шоронд орцгоожээ. Тэр үед, дөрөвдүгээр сард Василий Сталин ердөө л гучин хоёр нас хүрч байжээ.
Василий Сталин Москвагийн цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний командлагч байсан бөгөөд архи уудаг, тамирчдад тусалдаг, нууц амрагтай орос эр байжээ. Түүнд улсын өмч хөрөнгийг үрэн таран хийсэн гэдэг ял тулгажээ. Харин 1945 оны долдугаар сарын 20-нд Агаарын 16 дугаар армийн командлагч, хурандаа генерал Руденкогийн түүнд өгсен албан ажлын нь гэрчилгээг хэрэгт хавсаргасан нь одоо ил болжээ. Хоёр хуудас тэр бичигт Василий бол 18 наснаас Агаарын цэргийн хүчинд ажилласан, хорин настайдаа офицер болсон, 1941 оны зургадугаар сарын 22-ноос фронтод явж ганц өдөр ч ар талд гараагүй, эхлээд сөнөөгч онгоцны хороог командалсан, дараа нь Гвардийн 3 дугаар сөнөөгч онгоцны дивизийг командалж тэр дивиз нь Минск, Вильно, Шяуляй, Гродног чөлөөлөхөд оролцсон, 1781 байлдааны нислэг хийж 30 удаа агаарын тулалдаанд орж дайсны 16 онгоцыг устгасан, дайны төгсгөлд Василий 286 дугаар сөнеөгч онгоцны дивизийг командалж тус дивиз нь ганцхан Берлинийг эзлэх үеэр гэхэд л дайсны 17 онгоцыг сөнөөсөн, Василий өөрөө хөл, нуруу муутай ч ПО-2-оос авахуулаад хүчирхэг «Харрикейн» онгоцны хориод төрлийг амархан жолооддог, дайны бүх хугацаанд биечлэн 27 удаа нисч, хоёр онгоц сөнөөсөн гэдгийг нь бичжээ.
Их жолоодогчийн хүүг 1953 оны тавдугаар сарын 9-нд, тэгэхээс тэгэх гэж Ялалтын баярын өдөр байцааж эхэлсэн байна. Түүнийг онцгой хэргийг мөрдөн байцаах хэлтсийн дарга дэслэгч генерал Влодзимерский, түүний орлогч хурандаа Козлов нар мөрджээ. Василийг гурав хоног байцаахад үйлдсэн протоколд дэндүү хуурамч зүйлс их байсан байна. Түүнд: «Сталин Василий Иосифович Москвагийн цэргийн тойргийн Агаарын цэргийн хүчний командлагч байхдаа улсын өмч хөрөнгийг үрэн таран хийж мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарлагадсанаараа зөвлөлт улсад ихээхэн эд материалын хохирол учруулсан» гэж бичжээ. Мөрдөн байцаагч нар түүнийг тойргийн Агаарын цэргийн хүчний командлагч байхдаа Төв нисэх буудлын байшинг штабынхаа байр болгосон, 1950 онд Ленинградын районы соёл амралтын хүрээлэнгийн дэвсгэр дээр спортын төвийг бариулж, шалган нэвтрүүлэхийн хоёр давхар барилга босгуулсныг нь буруутгажээ. Василийн хэлснээр бол энэ бүх барилгыг цэргийн сайд маршал Василевскийн зөвшөөрснөөр, өөрөөр хэлбэл түүний гарын үсэгтэйгээр хийсэн боловч, маршалаас асууж лавлаа ч үгүй ажээ. Буруутгах ажил үүгээр хязгаарлагдсангүй.
Василий 1947-гоос 1949 онд бараг бүх спортын төрлөер мастеруудын баг байгуулсан байжээ. Түүнээс гадна би АЦХ-нээс хөл бөмбөгийн багийг бий болгуулсан, эдгээр багт 300 гаруй хүн байсан, тэдний зардал жилд 5 сая гаруй рубль болдог байсан» гэж Василий ярьжээ. Дайны дараахан үеийн ямар ч тамирчнаас асуухад Василий бол ёстой мундаг хүн, ба бидэнд их ч тусалсан гэж хэлдэг байжээ. Василий шилдэг сайн тамирчдыг Москвад авчраад орон байр, цалин хөлс, цол хэргэм олгуулж байсан байна. Бас Василийг албаны онгоцоор ан гөрөөнд явдаг байсан, зусландаа морины саравч бариулсан, халуун усны байшин босгуулсан, Германаас ирэхдээ хэд хэдэн чемодантай хувцас хунар авчирсан гэж ял тулгажээ.
1960 оны эхээр Хрущевийн үе ид дундаа байхын цагт ерөнхий прокурор Руденко, Аюулаас хамгаалахын дарга Шелепин хоёр дахиад дээд газарт захидал бичиж «В. И. Сталинд өршөөл үзүүлж, Москвад гурван өрөө байр гаргуулах, мөн тэтгэвэр олгуулж 3 сарын хугацаагаар сувилалд явуулах, нэг удаагийн тусламж болгож 30 мянган рубль өгөхийг» хүсчээ. Ингээд л Сталины хүүгийн өмнө эрх чөлөөний зам нээгдэх мэт болтол бас л хэрэг бишиджээ.
Тэр жилийнхээ зун «намын нөхөд» нь Лаврентий Бериягаа цааш харуулаад Василийн хэргийг Аюулаас хамгаалахын шинэ дарга Кругловт шилжүүлж, Круглов нь Төв хорооны тэргүүлэгчдэд бичиг явуулж, түүндээ 20 сая рублийг үрж шамшигдуулсан гэж дурдаад дээрээс нь нэмж «зөвлөлтийн эсрэг дайсагнан дайрж, гүтгэлэг явуулдаг» гэжээ Кругловын бичсэн байна
И.В.Сталин нас барснаас хойш ЗХУКН, Зөвлөлт засгийн газрын удирдагчдын эсрэг гүтгэлэг явуулж намайг Зөвлөлтийн армиас зүй бусаар халсан, намайг архичин, ялзарсан этгээд болгон харуулахыг оролдсон гэж ярьдаг байсан. Мөн түүнчлэн В. И. Сталин Зөвлөлт засгийн газраас И.В.Сталины нас барсны дараахан удирдлагыг тасалдуулалгүй хангахад чиглэсэн арга хэмжээ авсныг нь буруушааж бас Зөвлөлт засгийн газар И. В. Сталины дурсгалыг мөнхжүүлэх хангалттай арга хэмжээ авахгүй байгаа мэтээр дургүйцэн ярьдаг байна. Ёс суртахууны хувьд бүрмөсөн ялзарсан В.И.Сталин гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр гадаадын сурвалжлагч нартай уулзаж И. В. Сталины нас барсны дараах байдлын талаар ярилцлага өгөх бодолтой байгаагаа хэлсэн байна» гэх мэтээр гүтгэн дурджээ.
Байдлаас үзэхэд байцаагч нар баталгаа муутай байсан болохоор Василийг гагцхүү 2 жил өнгөрсөн хойно бүр 1955 оны есдүгээр сар гаргаж байж яллахад хүрчээ. Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийж албан тушаалаа хортойгоор ашигласан (хэчнээн юм үрэгдсэнийг баталж чадсангүй) тул найман жил хорихоор шийтгэсэн байна. Сталины хүү энэ бүх хугацааг Лефортын щоронд өнгөрөөхдөө нэргүйгзэр өнгөрөөсөн нь сонин юм. Зөвхөн мөрдөн байцаагч нар, шоронгийн дарга түүнийг Сталин овогтой гэж мэддэг байжээ. Дараа нь Василийг цуут Владимирын шоронд шилжүүлж, зургаан жил суулгажээ.
Василиид бас л саад тотгор учирчээ. Энэ нь түүнийг хоригдож байхдаа засраагүй, муу хорон санаа өвөрлөж явдаг байсан, аавынхаа байх үед эдэлж байсан бүх онцгой хөнгөлөлтийг эдлэх ёстой гэсэн, Түүнд Казань юмуу Куйбышевт очиж суу гэхлээр би Москвагаас хаашаа ч гарахгүй гэдэг, бас овгоо соль гэхээр эрс татгалзсан, надад тохирсон нөхцөл бүрдүүлэхгүй бол үндэсгүй шийтгүүлсэн, намайг эрүүдэж зовоож байсныг ил хэлнэ гэдэг гэх мэтээр буруутгажээ.
Сталин гэдэг нэрийг бүрмөсөн үг болгохыг хүсэгчид санасандаа хүрч Сталин овогтой хүнийг цөмийг нь өөрчлүүлж бүгдийг Джугашвили овогтой болгожээ. Тэр байтугай, хүссэн хүсэлт минь биелэгдэхгүй бол Хятадын элчин сайдын яаманд хандаж Хятадад явуулж эмчлүүлж, ажиллуулж өгөөч гэж гуйна гэж сүрдүүлдэг гэсэн хуурамч мэдүүлэг бий болсон байна. Ийм учраас ЗСБНХУ-ын прокурорын газар, Аюулаас хамгаалах газар Василийг суллагдсан хойноо ч хуучин зангаа тавихгүй нь гэж үзээд хуульд заагаагүй зүйлийг баримтлан Казань хотод 5 жилийн хугацаатай суулгахаар нутаг заасан байна.
Энэ бол тэр үед нэг ч гадаадын хүн ордоггүй хот байв. Түүнд нэг өрөөтэй байр гаргажээ. Эмч нарын магадлагаагаар бол Василий бие муу, удаан хугацаагаар эмчлүүлэх ёстой байж.Армид 25 жил алба хаасныг нь харгалзан 300 рублийн (шинэ мөнгөөр) тэтгэвэр олгохоор болсон боловч зөвлөлтнйн генерал хүний нэр хүндийг унагасан гэж үзээд Батлан хамгаалах яамны шугамаар сарын 150 рублийн тэтгэвэр тогтоожээ. Мөн түүнчлэн түүнд паспорт олгохдоо өөр овогтой байх нь зүйтэй гэж үзсэн байх юм.
Василий Сталин 1961 оны гуравдугаар сард Казаньд хүргэгджээ. Тийнхүү түүнийг гэр орон ч үгүй, найз нөхөд ч үгүй, хүүхнүүд ч үгүй, ажил ч үгүй тэр байтугай овог ч үгүй болгож чаджээ. Ингэж мөнгөлсөн эвэр, нөмрөг, гүрж дууны хэдэн пянз хийсэн ганц чемодантай Казаньд ирж Гагарины гудамжны 105 дугаар байшинд суух болжээ. Василий тэнд ердөө л ганц жил болсон байна. Гэхдээ энэ ганц жил хачин нууцгай, учир үл ойлгогдох зүйлээр дүүрэн байжээ.
Түүний сүүлчийн эхнэр Мария Николаевнагийн дурсан ярьснаар 1962 оны нэгдүгээр сард үл мэдэгдэх Мария Нузберг гэдэг хүүхэн газрын хаанаас гарсан нь бүү мэд, бий болоодохжээ. Энэ хүүхнийг Аюулаас хамгаалахынхан хүүхдүүдтэй нь цуг Сибирээс авчраад Василийг сахиулах болж бүр тусгай байр гаргаж өгсөн байна. Нузбергийн талаар өөр мэдэгдэх юм юу ч байхгүй бөгөөд чухамхүү түүнийг ирснээс хойш Василий «нэг хачин өвчтэй» , болоод үхэн үхтлээ тэр өвчнөөс салаагүй ажээ.
«Тэрхүү нэгдүгээр сард би Василийг орхиж гарахаас өөр аргагүй болсон. Тэр Нузберг Василийнхаас салахаа болиод түүнд тариа хийдэг байсан» гэж Мария Николаевна ярьсан” байна. Мария Николаевна хэлэхдээ, нойрсуулах тариа хийж байгаа юм гэж хэлдэг байсан хэрнээ нэг удаа тарианы шилийг нь аваад бичгийг нь унших гэтэл нөгөө хүүхэн шүүрч аваад бяц дэвссэн байна.
«Гуравдугаар сард намайг ажил дээрээ байтал эмч Барышева утасдаж: «Танай хар хүн муу байна. Таныг ирээч гэж жигтэйхэн их гуйж байна» гэж хэлсэн. Тэгэхэд нь би ч очлоо, үнэхээр Василий дор орчихсон байлаа. Бүр ч их тураад царай нь царай биш болчихсон байв. Нөгөө Нузберг дэргэд нь суугаад холддоггүй. Би Василийгаас «Чи яагаад өөрөө утасдсангүй вэ?» гэж асуувал «Би чадаагүй, би байгаагүй» гэж хэлсэн. «Юу гэсэн үг вэ?» гэхэд минь «Намайг аваад явчихсан байсан» гэв. «Хааш нь тэр вэ?» гэвэл «Тэр хамаагүй ээ» гэж хэлэв. Түүнийг хааш нь яах гэж аваачсан, аваачсан хойноо яасан нь ойлгогдсонгүй, хэн ч надад тайлбарласангүй» гэж Мария Николаевна дурсан ярьжээ.
Гуравдугаар сарын 17-нд Василийг үл мэдэгдэх зүг аваад явчихжээ. Түүнээс хойш, хоёр хоноод байхад Сталины хүү нас баржээ. Василий Сталин 42-хон настайдаа нас барсан байна. Аавыгаа нас барсны дараа 14 хоногийн дараа баривчлагдаж, ааваасаа хойш 10 жил амьдрахдаа 9-ийг нь шоронд өнгөрөөсөн. Лефортын шорон, Владимирийн шорон хоёрт есөн жил болсон хүдэр чийрэг ид насны эр хүн Казанийн цөллөгт очоод гайхалтай сэжигтэйгээр хурдан зуурт “зүйл дууссан” нь тэр.
Бас нэг зүйлийт хэлэхэд. Арскийн оршуулгын газар салах ёс гүйцэтгэхээр авсны тагийг онгойлгоход Василийг таньсангүй гэж Мария Николаевна ярьсан байна, Нүүр нь тэр аяараа хөх няц, хамар нь бяц цохиостой байжээ. «Энэ чинь хүн биш юм бол уу» гэж тэр бодсон гэнэ. Булшин дээр нь нэг таван хошуутай нимгэн банз зоогоод, нэрийнх нь оронд төмөр дугаар зүүжээ. Түүнээс хоёр жилийн дараа нөхөд нь боржин чулуу босгож «М.Джугашвилигээс ганцхан чамдаа» гэсэн үсэг сийлж шаазан дээр Василийн дүрсийг буулгуулаад ёслон хүндэтгэсэн боловч хэд хоногийн хойно үзэхэд хэн нэгэн хүн тулгаж байгаад хэд хэд буудаж юу ч үгүй эвдэлсэн байжээ. Василий Сталиныг нас барсан хойно нь булшин дээр нь цэргийн хувцастай хүмүүс үе үе ирж, хүндэтгэн ёсолдог байжээ.

Жак Мегийн эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн үг

$
0
0

Jak MaХэрвээ ажиллахаас дургүй хүрч, ядарлаа гэж ажлаа хаяж байгаа бол доорх 3 зүйлийг тунгаан бодоорой!
1.Толинд өөрийгөө хар! Дур булаам үзэсгэлэн төгс залуухан байна уу?
2.Банкныхаа хадгаламжийг шалга! Амьдралд чинь хүрэлцэхүйц мөнгө байна уу үгүй юу?
3.Баян хүнтэй сууж өв хөрөнгө өвлөж авна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Өөрийн хүчээр мөнгө ол!
Би эмэгтэйчүүдийг ингэж амьдрах нь илүү “зовлон” гэж үздэг
1.Ямар нэгэн аргаар мөнгийг олж сур,тэрнээс хэмнэх хэрэггүй!
2.Ямар нэгэн зүйл тохиолдоход хашгирч орилох биш, зүгээр л тайван бод!
3.Өөрийнхөө хүссэн зүйлийг ариун цагаан хөдөлмөрөөрөө худалдан авч бай!
4.Бага ярьж их хөдөл!
6.Битгий баян хүнтэй суувал, бүх юм болчихно гэж мөрөөд!
7.Хэрвээ яг одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол, халагдах өргөдлөө өгөөд гар эсвэл амаа хамхиад ажлаа хий!
8.Авахаа аваад, хаяхаа хаяж бай!
9.Санал нийлэхгүй байж болно, гэхдээ бусдыг хундэлж сур!
10.Арга тасарсан яах ч аргагүй үед, цаг хугацаа бүгдийг шийднэ. Зүгээр л орхиж сур! Алдааг дахин давтах хэрэггүй!
11.Хүмүүжилтэй энэрэнгуй сайхан сэтгэлтэй бай!
12.Үзэсгэлэн төгс өөртөө итгэлтэй харагд!
13.Хэн нэгэн чамаас урван итгэл алдрах үед, уучлан өршөөх нинжин сэтгэлтэй бай! Хэдий чамд хэцүү байсан ч, гэсэн өгөөмөр сэтгэл таныг улам гэрэлтүүлнэ.
14.Үргэлж өс хонзон санаж явах нь, чамайг ядраана.Тиймээс аль болох хурдан мартаж сэтгэлээ зовоохгуй бай.
15.Мөнгө чухал ч гэсэн эцэг эх, эр хүний гарыг харалгүй өөрийн хүчээр олсон мөнгө хамгийн сайхан.
16.Олны дунд өөрийнхөө хүч чадлыг хэт дөвийлгэх хэрэггүй,чамтай чамгүй нар манддагаараа мандана.
17.Өнгөрсөн бүх муу зүйлыг март, өнөөдөртөө амьдар!
18.Бүх зүйлээ алдсан ч гэсэн инээмсэглэлийг битгий алд!

С.Ганбаатарыг “харвасан” сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга уу

$
0
0

jjjМонголын улс төрд харь тодотголтой орж ирсэн цөөхөн хүний хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм тодотголыг авах болсон шалтгаан нь ч тодорхой байдаг. Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны компаниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Иймээс ч энэ үг одоо өөрийнх нь нэрийн өмнө овог шиг бичигддэг болсон билээ. Харин С.Ганбаатарын тухайд дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлсэн, нутагшуулсан хүн. Тэдний адил талууд үүгээр дуусахгүй. Нэг нь тусгай дунд боловсролтой бол нөгөө нь дээд боловсролтой гэх ч тэр нь үнэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хоёулаа 2016 оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан тойргууддаа унацгаасан. Бас нам, нам сольж явснаараа ч ижилхэн. Х.Баттулга Эх орон намаас АН-д эллсэн бол С.Ганбаатар ХҮН-аас МАХН-д элслээ. Түүнчлэн хоёулаа “Эх оронч” гэсэн имижийг өөртөө бүрдүүлэхийг хүсдэг. Үүнийг нь нийгмийн тодорхой хэсэг үнэлж хүлээн авч байхад нөгөө хэсэг нь популист улстөрч гэж дүгнэдэг.

Улс төрд ийм тодотголтой, ийм дүр бүтээсэн хоёр эрхэм МАН-ын дарга М.Энхболдтой хамт нэг гараанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин уралдаж байна. Энэ гурваас нэг нь л Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох учиртай. Өрсөлдөөн ч ширүүн байх нь гарцаагүй биз. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа ч албан бус өрсөлдөөн цахим ертөнцөд хэдийнэ эхэлчихээд явж байна. Хамгийн сонирхолтой нь гурван нэр дэвшигч бус хоёр нь хоорондоо үзэлцэж байх юм. Одоо сийрүүлье.

Хэрэв Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа нь дууссан бол, сүүлийн таван жил тэр эх орондоо байнга оршин суусан бол, хамгийн гол нь Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж авсан бол өнөөдөр С.Ганбаатар нэр дэвшиж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар бол МАХН-ын хувьд лам олдохгүй болохоор буцахдаа л залсан хүн. Тиймээс ч түүнийг эсэргүүцэгчид энэ намд олон байгаа юм. МАХН-ыг УИХ-д төлөөлөлтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон гишүүн О.Баасанхүү ч үүнд дуртай бус байгаа. МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрийн талаар тэрээр “МАХН бол 114 мянган гишүүд дэмжигчтэй нам. Ийм байж өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй. Үндсэн хуулийн зарчим талаасаа ч болохгүй” гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн С.Ганбаатар саяхныг хүртэл ХҮН-ын гишүүнчлэлтэйгээ байсан хүн. Иймээс О.Баасанхүү гишүүн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ зарлаад зогсохгүй “Ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал МАХН-ын удирдлагуудтай хариуцлага тооцох санаачилга гаргана. С.Ганбаатар бол миний баримталсан зарчимтай нийцээгүй” гэхчлэн мэдэгдээд байгаа юм.

Ийнхүү Н.Энхбаярыг дагаж улс төрд хөл тавьсан О.Баасанхүү эргээд Н.Энхбаяр даргадаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж ярьж байгаа нь томоохон эрх ашигтай холбоотой байх талтай. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү бол зүгээр л сум нь, цаана нь нум нь нуугдаж байгаа гэх яриа өчигдөр улс төрийн хүрээнийхэн дунд гараад эхэллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар, бас цахим ертөнцөд явж байгаа мэдээллээс харахад О.Баасанхүүгийн “Би С.Ганбаатарыг дэмжихгүй” гэж байр суурийг нэр дэвшигч Х.Баттулгын штабынхан л фэйсбүүк сүлжээнд хамгийн их түгээж байгаа нь харагдах юм билээ. Тэгэхээр сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга гэдэг үнэний ортой л болов уу.

Х.ТЭРГЭЛ

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж, мэтгэлцээнээр хэн болох нь харагддаг

$
0
0

donald-trump-hillary-clinton-impossible-choice2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан олон нийт болон зарим улс төрчдийн зүгээс энэ удаагийн сонгуульд халз мэтгэлцээнийг дэлхийн жишгээр явуулья, нэр дэвшигчдийн бодлогын шийдлийг бүх нийтээр хэлэлцэе гэдэг уриалга, санаачилгууд гарч байгаа нь ихээхэн дэмжүүштэй, сонгогчдын боловсролд эерэгээр нөлөөлөх алхам учраас энэхүү өгүүлэлд дэлхийн улс орнууд халз мэтгэлцээнийг хэрхэн явуулдагийг авч үзлээ.

Дэлхийн улсуудын сонгуулийн дүнд нөлөө үзүүлэгч чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас улбаатай. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанийн сүүлийн мөчид гурван удаагийн цуврал мэтгэлцээнд оролцдог юм. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгогчид халз мэтгэлцээнийг хамгийн ихээр сонирхон үздэг тул мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Халз мэтгэлцээн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд шууд нөлөөлдөг болохыг харуулсан анхны түүхэн үйл явдал бол 1960 оны 9 сарын 26-нд сенатын гишүүн Ж.Кеннеди болон дэд ерөнхийлөгч Р.Никсон нарын хооронд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн юм. Хоёр нэр дэвшигч тухайн үед Америкийн олон нийтийн хамгийн анхаарал татаж байсан асуудлууд болох олон улсын бодлого болон боловсролын асуудлаар мэтгэлцсэн байна. Тэр үед телевиз Америк айл бүрийн хэрэглээ болж чадаагүй нийт айл өрхийн тэн хагас нь л телевизтэй байсан хэдий ч хамгийн анх удаа олон хүн үзсэн телевизийн нэвтрүүлэг болсон юм. Тухайн үед гэртээ телевизор байхгүй хүмүүс радиогоор уг мэтгэлцээнийг шууд сонссон ажээ.

Энэхүү мэтгэлцээн улс төрийн үйл явц, сонгуулийн кампанийн түүхэнд эргэлт гэмээр үр дүн авчирсан юм. Мэтгэлцээний дараа хийсэн олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд телевизээр үзсэн хүмүүсийн олонх нь Ж.Кеннедиг ялалт байгуулсан гэсэн бол радиогоор сонссон хүмүүсийн ихэнх нь Р.Никсоныг илүү байсан гэж хариулжээ. Тухайн үед рейтинг нь ойролцоо байсан ч мэтгэлцээнээс эхлэн Ж.Кеннедигийн рейтинг тогтмол өсч, Р.Никсоных буурсаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн юм.

Мэтгэлцээнийг ямар журмаар явуулдаг вэ?

 Ихэнхдээ их сургуулийн зааланд болдог бөгөөд нэр дэвшигчид индрийн ард зогсох юмуу ширээний ард суух гэх мэтээр урьдаас тохирсон байршилд явагдана. Зөвхөн хөтлөгч асуулт тавих уу, үзэгчдээс асуулт тавьж болох уу гэдгийг мөн харилцан тохирдог. Мэтгэлцээнд нээлтийн үг гэж байдаггүй, харин төгсгөлд нэр дэвшигч бүр хаалтын үг хэлдэг юм.

2000 оны сонгуулийн хоёр дахь мэтгэлцээн анх удаа индрийн ард биш дугуй ширээн дээр явагдсан. 2012 оны сонгуулиас эхлэн мэтгэлцээн тус бүр 15 минутын хугацаатай зургаан хэсгээс бүрдэх болсон юм. Хэсэг тус бүрт улс орны хэмжээнд тулгамдсан нэг асуудлыг дагнан мэтгэлцдэг болов.

Мэтгэлцээнээр яригдах асуудлыг хэдэн долоо хоногийн өмнө олон нийтэд ил болгоно

04(24) Хэн эхний асуултанд эхэлж хариулах, хэн хаалтын үгийг түрүүлж хэлэх вэ гэдгийг шодож шийднэ. Нэр дэвшигч 2 минутанд багтааж хариулна. Үүний дараа нөгөө нэр дэвшигч нь тухайн хариултанд няцаалт хийх юмуу хариултын талаар байр сууриа илэрхийлэх хэлэлцүүлэг 1 минутын хугацаанд явагдана. Монголын сонгуулийн халз ярилцлагад бол нэр дэвшигч нарт бие биеийн үгэнд няцаалт, дайралт хийх боломж олгодоггүй билээ. Хөтлөгчийн үзэмжээр нэр дэвшигчдийн хоорондын энэхүү хэлэлцүүлгийг 30 секундээр сунгаж болдог.

Сүүлийн үеийн халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдэд цагийн баримжааг өнгийн гэрлээр мэдэгддэг болсон. Цаг дуусахад 30 секунд үлдэж байгааг ногоон гэрлээр, 15 секунд үлдэж байгааг шараар, 5 секунд үлдэж байгааг улаан гэрлээр мэдэгддэг байна. Шаардлагатай тохиолдолд дохио дуугарах юмуу дарцаг өргөж цаг дуусч байгааг мэдэгдэж болдог.

Хөтлөгчийг хэрхэн сонгодог вэ?

 Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хороо ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гурван удаагийн, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг удаагийн мэтгэлцээнийг удирдан явуулах хөтлөгчийг сонгодог. Хөтлөгчийг сонгох хамгийн эхний шалгуур бол нэр дэвшигч болон мэтгэлцээнд яригдах гол асуудлын талаар мэдээлэл сайтай байх явдал юм. Хоёр дахь шалгуур бол хөтлөгч телевизийн шууд нэвтрүүлэг хөтөлж байсан туршлагатай байх явдал юм. Мөн мэтгэлцээнийг дүрэм журмын дагуу явуулах чадвартай байх нь хөтлөгчийг сонгох нэг шалгуур болдог.

Дональд Трамп, Хиллари Клинтон нарын энэ жилийн мэтгэлцээний үеэр хөтлөгчийн үүрэг роль тун бага, бараг л цаг зохицуулагч шинжтэй байсныг ажиглагчид шүүмжилж, ер нь цаашдаа хөтлөгчийн хэрэг байна уу гэсэн асуултыг тавьж байсан билээ. Гэвч Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хорооны мэргэжилтнүүд мэтгэлцээнийг хөтлөгчтэйгээр явуулах тал дээр хатуу байр суурьтай байдаг бөгөөд хэрэвзээ аль нэг нэр дэвшигч хэлэлцэж буй асуудлаас хазайх, эсвэл журам зөрчих тохиолдолд хөтлөгч зайлшгүй оролцож зохицуулах ёстой гэж үздэг байна.

Мэтгэлцээнийг хэн зохион явуулдаг вэ?

 Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хороо нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг Америкийн сонгогчдын тусын тулд эрхлэн явуулах, ивээн тэтгэх, сонгогчдын боловсролыг дэмжих зорилгоор байгуулагдсан улс төрийн намаас хараат бус, хувийн байгууллага юм. 1988 оны сонгуулиас эхлэн уг хороо мэтгэлцээнийг эрхлэн явуулж байгаа.

Яагаад энэ хороо үүсэх болов? 1960 оны Кеннеди, Никсон нарын мэтгэлцээнээс хойш 1964, 1968, 1972 онуудад ийм мэтгэлцээн болоогүй. 1976, 1980 , 1984 онд мэтгэлцээн болсон хэдий ч нэр дэвшигчид хоорондоо тохиролцсоны улмаас сонгогчдод олон асуудал тодорхойгүй үлдсэн юм. Тийм учраас нэр дэвшигчид хэн болох, маргаантай асуудлуудаар ямар байр суурь баримталж байгааг сонгогчдод ил тодоор харуулахын тулд мэтгэлцээнийг өндөр түвшинд явуулах бодит шаардлага тулгарсан байна. 1984 оны сонгуулийн дараа Жоржтаун их сургуулийн Олон улс, стратеги судлалын төв болон Харвардын их сургуулийн Улс төрийн бодлогын институтын судлаачид ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний талаар тусгайлан судалгаа хийсэн юм. Эдгээр хоёр тусдаа хийгдсэн судалгааны үр дүнгээс Америкийн олон нийт мэтгэлцээнийг сонгуулийн кампанийн үед хамгийн их үздэг бөгөөд санал өгөлтөө шийдээгүй сонгогчдод хүчтэй нөлөөлдөг болохыг илрүүлсэн юм. Хэдий тийм боловч хоёр том намын нэр дэвшигчид мэтгэлцээнд оролцохоос ямагт татгалзаж ирснийг дээрх судлаачид тогтоосон байна. Улмаар судлаачид хоёр намын улс төрчдөд хандаж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг сонгуулийн кампанийн салшгүй нэг хэсэг болгохыг зөвлөсөн билээ. Ингээд 1988 оны 2 сарын 19-нд Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хороо хэмээх хараат бус байгууллага үүссэн юм. Энэ байгууллагын удирдах зөвлөлд Америкийн нэртэй их сургуулийн эрдэмтэд, бизнесмен, сэтгүүлчид болон Конгрессийн экс гишүүд нарын хүмүүс ордог.

Хороо төрөө ямар нэг санхүүжилт авдаггүй бөгөөд хувийн хандиваар санхүүждэг. Хандивлагчид хорооны дотоод үйл ажиллагаанд оролцохгүй.

Халз мэтгэлцээн хэр олон үзэгчийг татдаг вэ?

Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэттэлцээн шиг үзэгч өндөртэй улс төрийн өөр акц байдаггүй. 1988-2012 халз мэтгэлцээнүүдийг 30-70 сая хүн шууд үзсэн. Мэтгэлцээний дараах судалгаануудаас харахад нийт сонгогчдын 70-80 орчим хувь нь сонгуулийн кампанийн мэтгэлцээнүүдийг үздэг байна. Мөн Америкийн судалгааны төвүүдийн санал хураалтын өдөр саналаа өгөөд гараад ирсэн сонгогчоос авсан Exit poll судалгааны дүнгээс үзэхэд сонгогчийн сонголтонд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл нь халз мэтгэлцээн байдаг. 2016 оны Д.Трамп, Х.Клинтон нарын эхний халз мэтгэлцээнийг Америкийн телевизийн найман сувгаар шууд дамжуулсны зэрэгцээ YouTube, Twitter-ээр live явсан бөгөөд энэхүү мэтгэлцээн шууд үзэгчдийн тоогоор Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд дээд амжилт үзүүлнэ гэж тооцоолж тогтоож 84 сая хүн үзсэн билээ.
Америк маягийн халз мэтгэлцээн дэлхий дахинд хэр тархсан бэ?

 Сонгуульд нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг сонгогчдод хүргэх хамгийн нөлөө бүхий сурталчилгаа учраас улс орнууд халз мэтгэлцээнийг ихээхэн хийх болж өдгөө дэлхийн 35 оронд Америк маягийн халз мэтгэлцээн явуулж байна.

Хамгийн сүүлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёр удаа мэтгэлцсэн. Эхнийх нь анхан шатны сонгуульд өрсөлдөж буй 11 нэр дэвшигч оролцсон 4 цагийн турш үргэлжилсэн халз мэтгэлцээн байсан бөгөөд үүнийг “Агуу мэтгэлцээн” гэж францчууд нэрлэсэн. Энэ мэтгэлцээнээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн асуудлуудаас гадна Европын холбооноос гарах уу, үгүй юу, цагаачдын урсгалыг яах вэ гэх мэт хамгийн хурц асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн бөгөөд Францын түүхэнд байгаагүй олон нэр дэвшигч оролцсон хурц мэтгэлцээн болсон билээ.

Энэхүү мэтгэлцээнд харьцангуй аядуу байр суурьтай, залуу нэр дэвшигч болох Э.Макрон амжилттай оролцож тодрон гарсан. Тэрээр сонгогчдод хандан зөвхөн өнгөрсөн таван жилийг бус, өнгөрсөн 20 жилийн үйл явцыг бүхэлд нь эргэн хараач, бид Францын нийгмийн бүхий л салбарыг либеральчлах ёстой, боловсрол, соёлын салбараар дамжуулан үүнийг хий хэрэгтэй гээд “Би та нарт итгэж байна, Би өөрийн улс орондоо итгэж байна” гэсэн үг нь хүмүүст их хүрч хоногшсон.

Харин эхний шатны санал хураалтын дараа тунаж үлдсэн Э.Макрон, Марин Ле Пен нарын мэтгэлцээн санал хураалтаас долоо хоногийн өмнө болсон бөгөөд энэ мэтгэлцээнд Э.Макрон ялсныг мэтгэлцээний дараа болсон санал асуулгын дүн харуулсан. Макрон энэхүү мэтгэлцээн дээр өмнөх мэтгэлцээнтэй харьцуулахад илүү хүчтэй бөгөөд байр сууриа тод илэрхийлсэн гэж экспертүүд үзсэн юм.

Францын халз мэтгэлцээний Америкаас ялгаатай нь олон нийтийн өмнө бус, ТВ-ийн студид, ямар нэг үзэгчгүйгээр болдог явдал юм. Францын судлаачид болон мэргэжилтнүүд халз мэтгэлцээний энэ хэлбэр нь амьд бус, сонирхолтой биш байна гэж шүүмжилдэг ч сүүлийн 40 жил өөрчлөгдөөгүй явсаар байна.

Мэтгэлцээн Өрнөдийн соёлын элемент хэдий ч Дорнын улсуудын улс төрд гүнзгий нэвтэрсээр байна. Тухайлбал, БНСУ ерөнхийлөгчийн сонгуульдаа халз мэтгэлцээнийг амжилттай хэрэглэж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-тай адил сонгуулийн кампанийн үеэр нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг хэд хэдэн удаа хийдэг боллоо.

5 сарын 9-нд болсон БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид 4 сарын 19-нөөс 5 сарын 2-ны хооронд бараг өдөр бүр, заримд нь нэгээс хоёр хоногийн зайтай зургаан удаа халз мэтгэлцээн хийсэн юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар сонгуулийн үр дүнд энэхүү зургаан удаагийн мэтгэлцээн ихээхэн нөлөөлсөн байна. Умард Солонгосын асуудал хурцадмал байгаатай холбоотойгоор эдгээр мэтгэлцээний хамгийн хурц, анхаарал татсан асуудал нь Солонгосын хойгийн талаарх АНУ-тай хэрхэн харилцах, Пхеньяны талаар явуулах бодлого ямар байх зэрэг байсан. Мөн Солонгосын эдийн засгийн зогсонги байдал, ажилгүйдэл хоёр дахь том маргааны сэдэв байлаа.

Ийнхүү дэлхийн улсууд төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийг бодлого, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдүүлж, халз мэтгэлцээнээр хэн болохыг нь үнэлж дүгнэдэг байна.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

Viewing all 51 articles
Browse latest View live